Хүүхдийг хүчирхийллээс ангид байлгахад чиглэсэн компанит ажил өрнүүлнэ
2019.05.03

Хүүхдийг хүчирхийллээс ангид байлгахад чиглэсэн компанит ажил өрнүүлнэ

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан  "Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих" төслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа.

Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар олон нийт болон оролцогч талуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хүүхдийг хүчирхийллээс хамгаалах мэдлэг олгох тогтолцоо бий болгох зорилготой тус төсөл өнгөрсөн хугацаанд эцэг эх, багш, хүүхэд багачуудад тохирсон агуулгаар ойлголт мэдлэг олгох сургалт зохион байгуулан ажиллажээ.  Хөндлөнгийн үнэлгээний байгууллагаас гаргасан дүгнэлтээр төсөлд хамрагдсан  багш нарын мэдлэг 10-25 хувиар, эцэг эхийн мэдлэг 14-28 хувиар, 4 настай хүүхдийн зөв хариулт 10-36 хувь, 5 настай хүүхдийн зөв хариулт 23-37 хувиар нэмэгдсэн байна. 

Тухайлбал, 4-5 настай хүүхдэд биеийн онцлог хүйсийн ялгаатай байдлыг таниулах, биеийн хүрч болох, болохгүй хэсгээ мэдэж авах, өөрийгөө аюулаас хамгаалах арга зэрэг агуулгаар сургалт явуулдаг байна. Төслийн зүгээс хамрагдах хүрээг өргөжүүлэх, цаашлаад бага ангийн сурагчдыг хамруулах тал дээр БСШУСЯ бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, нийгэм ёс зүйгүй, хүн амын тоотой харьцуулахад хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг өндөр хувьтай байгаа энэ үед хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн төрийн болон төрийн бус байгууллагууд чадлынхаа хэрээр ажилласан ч өгөөж муутай байгааг тэмдэглээд олон талын оролцоог хангасан томхон компанит ажил өрнүүлэх санал төлөвлөгөөг яаралтай хамтран боловсруулах, хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудаас гадна төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтарсан уулзалтыг ойрын үед зохион байгуулахыг даалгалаа.