2019.05.03

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын явцын талаар мэдээлэл сонслоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.03/ үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын талаар” мэдээлдэл хийв.

Тэрбээр, хаврын улиралд өнжмөл өвс, унанги мод ихээр хуримтлагдах, хур тунадас, чийгийн дутагдлын улмаас ихээхэн хуурайшилт үүсэх, салхины хурд, хүч нэмэгдэж, шуургатай өдрийн тоо олшрох зэрэг олон талын нөхцөлийн улмаас ой, хээрийн түймэр гарах нөхцөл бүрддэг. Ийм эрсдэлтэй цаг үед ард иргэдийн болгоомжгүй байдлын улмаас унтраагаагүй хаясан тамхи, машин техникийн яндангаас үсэрсэн оч, бүрэн унтраалгүй ил задгай хаясан үнс, нурам зэргээс шалтгаалан ой, тал хээрийн түймэр үүдэн гарч байна. Энэ хаврын байдлаар хуурайшилтын улмаас олон улс оронд ой хээрийн түймрийн гаралт, цар хүрээ ихтэй байна. Манай улсын хувьд өнгөрсөн 3,4 дүгээр саруудад баруун болон төвийн аймгуудын нутгаар тодорхой хэмжээгээр хур тунадас орж, хөрсний чийг зохистой түвшинд байгаа бол зүүн аймгуудын нутгаар хур тунадас бараг ороогүй, хуурайшилт ихтэй, гал түймрийн эрсдэл өндөр хэвээр байгааг танилцуулгадаа онцолсон. 

Улсын хэмжээнд 2019 оны 05 дугаар сарын 02-ны байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 33 суманд нийт 48 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 21.9 мянган га ой, 217.2 мянган га хээрийн талбай, нийт 239.2 мянган га талбай түймэрт өртөөд байна. Эдгээр түймэртэй тэмцэхээр Онцгой байдлын байгууллагаас 1253 алба хаагч, 148 автомашин, ЗХЖШ-аас нисдэг тэрэг 7 удаа, Хил хамгаалах байгууллагаас 120 алба хаагч, 20 автомашин, Цагдаагийн байгууллагаас 17 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 1782 иргэн, 213 автомашин, 17 мотоцикль, 69 морь, нийтдээ 3172 хүн, 7 нисдэг тэрэг, 383 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгааг Шадар сайд мэдээлэлдээ дурдлаа.

Мөн Улсын онцгой комиссын 01 тоот албан даалгаврыг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай” хамтарсан тушаалаар түймрийн аюулын үнэлгээг харгалзан тухайн аймаг, суманд явуулж буй ойн арга хэмжээ, иргэдийн аялал зугаалга, ой, хээрийн бүсэд зорчих үйл ажиллагааг хориглох, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг шуурхай удирдлагаар хангах үүрэг бүхий жижүүр ажиллуулж байна. Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний ой, хээрийн гал түймэр унтраах автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, нөхцөл байдал хүндэрсэн үед мэргэжлийн анги, албад, гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг, нутгийн иргэдийг татан оролцуулах, тэдгээрийг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна. Цаашид ч Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт ихтэй, гал түймрийн эрсдэл өндөр байгаа тул Нийслэлийн Засаг дарга 04 дүгээр сарын 18-ны өдөр “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” А/329 тоот захирамж гаргаж 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулах, ил задгай гал түлэхийг хориглох арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна гэж байлаа. 

Сүүлийн жилүүдэд Монгол-Орос-Хятад улсын хил дагуух бүс нутгаар ой, хээрийн түймэр гарч, зарим тохиолдолд хил дамнасан том түймэр болон өргөжин тэлж, гурван улсын хил орчмын байгалийн экологи, эдийн засагт үлэмж хэмжээний хохирол үзүүлж байна. Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх хүрээнд ОХУ-ын Засгийн газартай 1995 онд байгуулсан “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан “Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн дагуу хоёр орны хамтарсан комиссын уулзалтыг зохион байгуулж, ажиллаж байна. ОХУ-тай хиллэж байгаа Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Увс аймгийн улсын хилийн шугамын дагуу нийт 10-30 м өргөнтэй, 800 гаруй км урт үргэлжилсэн түймрээс хамгаалах зурвасыг шинээр байгуулсан нь гал түймрийн эрсдэлийг бууруулахад нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж үр дүнгээ өгч байгааг Шадар сайд танилцуулгадаа дурдсан. 

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор цаашид Улсын хил дамнан гарч буй ой, хээрийн түймэр, ялангуяа хоёр хөршөөс орж ирсэн түймрийн хурд их, эрчим өндөртэй, ихээхэн талбайг хамарсан түймэр олон тохиолдож байгаа тул урьдчилан сэргийлэх, хамгаалах, унтраахад ихээхэн хүн хүч, техник хэрэгсэл шаардагдах болсныг дурдаад цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээлсэн. Тухайлбал, Монгол улсын газар нутаг өргөн уудам, хүн амын нягтшил бага байгаатай холбоотойгоор үүссэн ой, тал хээрийн түймрийг цаг хугацаа алдалгүй шуурхай илрүүлэхийн тулд хүн хүчнээс гадна шинжлэх ухаан технологийн ололт амжилт, дэвшилтэт технологиудыг ашиглан хиймэл дагуулын зураглал, нисдэг дрон, байнгын ажиглалтын камер зэрэг төхөөрөмжүүдээр гал түймрийн эрсдэлтэй газар нутгийг өргөнөөр хамруулах, тоног төхөөрөмжүүдийг суурилуулан байнгын ажиглалт хийдэг байх шаардлагатай байна гэсэн юм. 

Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, ОБЕГ-ын Дэд дарга, генерал Г.Арвинбуян болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцов.

Шадар сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс ой, хээрийн  гал түймрийн дийлэнх  хувь нь хүний хариуцлагагүй байдлаас үүдэлтэй тул иргэд аялал, зугаалгаар явахдаа гал түймрийн аюулаас болгоомжлохыг анхааруулахын зэрэгцээ ОБЕГ-ын алба хаагчдыг хувцас, техник хэрэгслээр хангах, төсөв санхүүжилтийг нь нэмэх шаардлагатай гэж байлаа. Мөн ой, хээрийн гал түймрийг унтраахад зарцуулсан хөрөнгө,  хохирлын хэмжээний зардлын харьцуулсан судалгаа болон нийт гарсан түймрийг бүрэн унтрааж дуусгасан эсэхийг лавлав. Түүнчлэн Хэнтий аймагт хил дамнан орж ирсэн гал түймрийн нөхцөл байдал, ОБЕГ-ыг нисдэг тэрэг болон, бусад техник хэрэгслээр хангах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар илүүтэй тодруулсан. 

Өнгөрсөн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд нийт 1075 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч 0.2 сая га ой, 13.8 сая га бэлчээр, нийт 14.0 сая га талбай түймэрт өртөж, байгаль экологи болон эд материалд 203.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Одоогоор ОБЕГ-т нэг ч нисдэг тэрэг байхгүй. Засгийн газар Франц улсаас урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцлийн зээлээр гурван нисдэг тэрэг авахаар ажиллаж байгаа бөгөөд уг асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн барьж, танилцуулна. Энэхүү нисдэг тэргүүдийг Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалахын яам, ОБЕГ буюу төрийн байгууллагуудын дунд хэрэглэнэ гэж Монгол Улсын Шадар сайд хариултдаа дурдлаа. Мөн тэрбээр, он гарснаас хойш 48 ой, хээрийн түймэр гарсан бөгөөд ОБЕГ-ын алба хаагчид цаг тухайд нь унтрааж дуусгаад байгааг онцлохын зэрэгцээ  Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Онон баг “Хашлиг” гэдэг газар Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтээр 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Энэхүү гал түймрийг унтраахаар Өмнөговь, Дорноговь, Говь-Cүмбэр аймгаас нэмэлт хүн, хүчийг төвлөрүүлэн ажиллуулж байна гэж байлаа. 

Харин ОБЕГ-ын Дэд дарга, генерал Г.Арвинбуян, 2017, 2018 онд нийт 302 удаагийн ой, хээрийн  түймэр гарч, 1.1 сая га газрыг хамарсан  бөгөөд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тооцоо бий. Нийт хохирлын хэмжээтэй харьцуулбал ой, хээрийн түймрийг унтраах зардал 0.5-1.0 хувийг  л эзэлдэг гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.