Сумъяабазар.Д 2019.05.03 | Vip76.mn

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх 7 хоногт үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх 7 хоногт үргэлжлүүлэн хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.03/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар танилцуулсан. 


Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд тус бодлогын зарчим, зорилтод нийцүүлэн эрдэс баялгийн салбарын холбогдох хууль тогтоомжийн  төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулан хэрэгжүүлэх” үүргийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна. 

Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсанМонгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.2.3 дахь хэсэгт “Эдийн засаг, бизнес, худалдаа, өмч, санхүүгийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, өмчлөх эрхийн баталгааг алдагдуулсан хууль тогтоомж, шийдвэрийг засч сайжруулна” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны “Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлын хэсэг байгуулах тухай” А/67 дугаар тушаал баталсан байдаг. Уг судалгааны ажлын хэсэг нь Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын хэвлийн тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт  ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цөмийн энергийн тухай, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай гэсэн эрдэс баялгийн салбарын 10 хуульд дүн шинжилгээ хийж, нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл тогтоожээ. Иймд судалгааны багийн ажлын тайланд дурдагдсан нийт 567 давхардал, хийдэл, зөрчилтэй асуудлуудыг хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ. 

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах бүрэн эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт буцааж олгох талаар холбогдох хуулийн төслийг боловсруулжээ. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хэд хэдэн журмыг батлах эрхийг олгохоор мөн холбогдох хуулийн төсөлд тусгаад байгаа гэв. Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн тухай зохицуулалтыг оруулаагүй, орхигдуулсныг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Стратегийн ач холбогдол бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаарх гэрээг аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулж, стратегийн ач холбогдол бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тус гэрээг сум, дүүргийн Засаг даргатай байгуулахаар тусгасан болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан.

Төслүүдийг баталснаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдэл арилж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, орон нутгийн иргэд төдийгүй төрийн байгууллагын түвшинд үүсээд байдаг хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Мөн эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжуудын хийдэл, зөрчил, давхардлыг арилгаснаар ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд чухал алхам болно гэдгийг салбарын сайд танилцуулгынхаа төгсгөлд онцоллоо. 

Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн Б.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав, Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авснаар ажлын цаг дууссан тул хуралдаан өндөрлөлөө. Асуудлыг ирэх 7 хоногийн чуулганы хуралданы эхэнд үргэлжлүүлэн хэлэлцэх юм.