С.Бямбацогт 2019.05.03 | Ikon.mn

3,000 гаруй сурагч оролцсон “Оюуны их сорилго” олимпиад болж байна

3,000 гаруй сурагч оролцсон “Оюуны их сорилго” олимпиад болж байна

Ховд аймгийн ЕБС-ийн 24 сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Оюуны их сорилго” олон төрөлт, багийн олимпиад өнөөдөр болж байна.

УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын нэрэмжит тус олимпиадын эхний шатанд 3,000 гаруй сурагч оролцсоноос 120 нь эцсийн шалгаруулалтад шалгарч үлдэн мэдлэг оюун, ур чадвар, авхаалж самбаагаа сорьж байгаа аж. 

Энэхүү олимпиад нь ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөх мөн сурагчдын багаар ажиллах чадварыг сайжруулах зорилготой ажээ. Багийн гишүүд таван хичээл тус бүрээр шалгалт өгч багийн гишүүдийн дундаж оноогоор байр эзлүүлсэн тул хүүхэд бүр өөрийн сайн мэддэг хичээлээ багийн бусад гишүүддээ зааж сургах онцлогтойгоороо бусад олимпиадуудаас давуу талтай юм байна. 

Олимпиадын тестийн хариуг дэлгэцээр, ил тод шууд засч, техник технологийн дэвшлийг ашигласан байна. Мөн тус олимпиадад “Шилдэг бүтээлийн эзэн” номинаци дор “Шинэ Ховд- Хоггүй хот” уриан дор аймагтаа тулгамдаад байгаа асуудал болох хогийг бууруулах, шийдвэрлэх зорилгоор сурагчид гэрийн даалгаварт бүтээл хийж үзэсгэлэн гаргажээ.

Дашрамд дурдахад, 10 сая төгрөгийн шагналын сантай тус олимпиад жилээс жилд өргөжин тэлж, үлгэр жишээ болон хүүхэд залуусын хөгжлийг дэмжиж, мэдлэгийг тэтгэсэн олон арван олимпиад шинээр зохион байгуулагдаж байгаа юм.