Орхон аймагт мянган мөрдөстний чуулга уулзалт боллоо
2019.05.06

Орхон аймагт мянган мөрдөстний чуулга уулзалт боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг "Монгол цэргийн нэгдсэн холбоо"-ноос өнөөдөр Орхон аймагт "Мянган мөрдэстөн" чуулга уулзалтыг зохион байгуулж байна.

Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, зөвлөх Л.Алтангэрэл, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, "Монгол цэргийн нэгдсэн холбоо"-ны нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбар, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр тэргүүтэй албаныхан болон орон нутаг дахь төрийн цэргийн байгууллагын алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд байгаа буй ахмадууд, орон нутгийн удирдлагууд оролцож, мөрдэстний тулгамдаж байгаа асуудал болоод ололт амжилтаа дүгнэн ярилцаж байгаа юм.

"Монгол цэргийн нэгдсэн холбоо"-ны нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Орхон аймгийн эрхэм хүндэт мөрдэстөн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ чухал арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллаж байгаа Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва болон хүрэлцэн ирж оролцож байгаа төрийн цэргийн байгууллагын удирдлагууд та бүхэнд баярлалаа. Манай төрийн бус байгууллагын гол зорилго нь хүүхэд залуусыг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэх байдаг учраас Орхон аймагт энэ чиглэлд илүүтэй анхаарч ажиллах болно" хэмээгээд чуулгад оролцогчдод амжилт хүссэн юм. Үүний дараа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад бусдыгаа манлайлаж ажиллаж байгаа зарим офицер, ахлагч, ажилтан алба хаагч, ахмад буурлуудыг БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ЦЕГ зэрэг байгууллагуудын удирдлагууд шагнаж урамшуулсан юм.

Мөн энэ үеэр Орхон аймаг дахь "Монгол цэргийн нэгдсэн холбоо"-ны салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн Засаг дарга Д.Батлутыг чуулгад оролцогчид 100 хувийн саналаар сонгосон юм. Өдгөө чуулга уулзалт үргэлжилж байгаа бөгөөд ЦДБЭЧ-ын уран бүтээлчид шигшмэл бүтээлийн тоглолтоо сонирхуулж, Монгол цэргийн музейн хамт олон үзэсгэлэнгээ дэлгээд байна.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд буй ахмадууд, нийгмийн хариуцлагаа дээдэлсэн байгууллага, иргэд нэгдэж, нийгэмд үйлчлэх " Монгол цэргийн нэгдсэн холбоо" ТББ-ыг байгуулж, тэргүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгосон юм.