Д.Оюунхорол 2019.05.06 | Монголын үнэн

Д.Оюунхорол: Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд ногдуулах ялын бодлогыг чангаруулах шаардлагатай

Д.Оюунхорол: Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд ногдуулах ялын бодлогыг чангаруулах шаардлагатай

Бага насны хүүхэд алга болох, улмаар хэн нэгний гарт амь эрсдэх тохиолдол сүүлийн үед олон гарах болсон. Тэр ундаа хүчирхийллийн гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа учраас ялын бодлогыг чангаруулах шаардлагатай гэж УИХ-ын эмэгтэй гишүүд үзэж байна. 

Тийм ч учраас тэд нэгдэж, Эрүүгийн хуулийн төсөлд бага насны хүүхдийг хүчирхийлсэн хүмүүст ноогдуулах ялыг чангаруулах заалт оруулах шаардлагатай гэж үзэж байна.

Энэ тухайд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

"Нялх балчир хүчирхийлсэн, тамлан зовоосон эрчүүдийн адгууснаас дор авир аашийг бид хичнээн жил ярьсан ч тодорхой шийдвэр гаргаж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Хүүхдийг хамгаалах олон хуулийг батлан гаргасан ч ялын бодлого сул байна. Тийм учраас эмэгтэй гишүүдийн зүгээс Эрүүгийн хуулийн төсөлд бага насны хүүхдийг хүчирхийлсэн хүмүүст тооцох хууль зүйн хариуцлага, ялын бодлогыг чангаруулах шаардлагатай гэж үзэж байна. Нэгдүгээрт, бүх насаар нь гянданд хорих шаардлагатай гэж үзээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах саналыг оруулна. Хоёрдугаар, Өршөөлийн хуулиар хүчингийн хэрэг хийсэн олон хүнийг өршөөж байгаа. Тиймээс цаашдаа ямар ч төрлийг Өршөөлийн хуулиар хүчингийн хэрэг хийсэн, хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг хамруулахгүй байхаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бодолтой байна. 

2018 онд 519 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдсэн, 487 хүн хохирсноос 238 буюу 48,7 хувь нь хүүхэд байна. Хүчингийг хэргийн дийлэнх хувь нь хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг рүү шилжиж байгаа нь үнэхээр сэтгэл сэрдхийлгэм аюултай мэдээлэл болж байна. Тиймээс гол нь хуулийг чангатгах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран сурталчилгааны ажлыг маш нарийн зохион байгуулалттай  хийх хэрэгтэй" гэлээ.