Д.Өлзийбаатар:

Монголчууд нэг туган дор нэгдэхээрээ сэргэн өндийдөг


12 минут уншина
Д.Өлзийбаатар: Монголчууд нэг туган дор нэгдэхээрээ сэргэн өндийдөг

Өнөөгийн Монголчууд дэлхийн тавцангийн аль хэсэгт, хэрхэн явааг гэрчлэх хүмүүс бол түүхчид. Капитализмыг алгасан социалист нийгэмд шилжиж, оготны хамраас ч цус гаргалгүй Ардчиллыг авчирсан монголчууд бид өнөөдөр ямар замаар хэрхэн явж байгаа талаар Монгол Улсын Төрийн шагналт, Түүхийн ухааны доктор, Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн"Монголчууд цахим түүх" сонсдог номын зохиогч Дэмбэрэлийн Өлзийбаатартай ярилцлаа. 

Монгол Улс өнөөдөр хөгжиж байна уу?

Монголчуудын хөгжлийн үе 1911 онд Манжийн ноёрхолыг түлхэн унагаж тусгаар тогтнолоо зарлан тунхагласнаар эхэлсэн. Дэлхийн улс төрийн газрын зураг дээр алга болчихсон ард түмэн өнгөрсөн ХХ зуунд гарч ирж түүхээ шинээр бичиж байна.

Түүхэн сэргэлт болон уналт бууралтын мөчлөгийн үргэлжлэх хугацаа хүний амьдалын хугацаатай жишвэл харьцангуй урт үргэлжилдэг. Бид хөгжлийн замаар, сэргэлтийн замаар урагшилж явна. 1911 онд төрсөн хүн 108 нас хүрч байна. Хүний амьдралын хувьд туулж болох хамгийн урт хугацаа. Харин улс гүрний сэргэлт, бууралтын хувьд нүд ирмэх төдийд өнгөрч буй тоолол.

Бид хөгжлөө хэрхэн үнэлэх, хаанаас хайх ёстой вэ?

Хүмүүсийн амьдралын түвшин, хувь хүний хөгжин дэвших бүх боломж хэрхэн хангагдсан эсэхээр л хөгжлөө үнэлэх байх. Улс орны тусгаар байдал, бүрэн эрхээ хэрэгжүүлэх дотоод хүчин зүйлийн гол эх үүсвэр нь сэтгэл хангалуун, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрхэм тэмүүлэлтэй, зорилго холч, эх орноороо үнэт зүйлээ хийсэн хүчирхэг хүн ардтай байж л хөгжил хангагдана. Социализмын он жилүүдэд үүний үндэс суурийг тавьсан юм шүү.

АЛДАА ДУТАГДАЛТАЙ БАЙСАН Ч ГЭЛЭЭ НЭЛЭЭД ЦАГ ХУГАЦАА, ХҮЧ ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛЖ БАЙЖ 1970-ААД ОНЫ ДУНД ҮЕ ГЭХЭД МОНГОЛЧУУД НИЙТЭЭРЭЭ БОЛОВСРОЛТОЙ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР ТОДОРХОЙ АМЖИЛТАНД ХҮРСЭН.

Ард түмнийх нь дийлэнх ядуу, орлого зарлага тэгш бус, боловсрол олох боломж муу, эрүүл мэндээ өөрөөсөө үл шалтгаалах нөхцөлөөс болж алддаг, гутранги үзэлтэй улс орны хүн амыг амар жимэр, айдгаа ардаа хийсэн, нийгмээрээ аюулгүй орчинд амьдардаг хөгжиж буй ард түмэн гэж үзэхгүй шүү дээ.

Ийм байдал хэрэв манай оронд ажиглагдаж, мэдрэгдэж байгаа бол бид туулсан замаа, хэрэгжүүлж буй бодлогоо эргэж харах шаардлагатай болжээ гэсэн үг. Хөгжлийн нэг шалгуур бол өмнөх түвшингээсээ ахисан байх явдал, бас дээр хэлсэн хүний хөгжлийн бүх талын нөхцөл боломж хангагдсан байх явдал. Энэ үүднээс үзвэл гарааны түвшингээсээ бид хамаагүй ахисан, одоо харин хүний хөгжлөө хэрхэн дээд түвшинд хүргэх вэ гэдэг асуудал дээр л алдаж, онон явж байна.

Монгол Улсын эдийн засаг хүнд үе байсан ч даван туулж чадсан. Өнөөдөр гол үзүүлэлтүүд эерэг гарч, төсвийн орлого нэмэгдэж байгаа нь хөгжлийн хэмжүүр мөн үү?

Бид олон хэцүү хүнд сорилт туулж явна. Бидний эрин үеийн гол агуулга бол тусгаар тогтнолоо бататгаж, хөгжин мандах явдал. Монгол гэдэг ард түмэн тусгаар оршихын төлөөх тэмцэлдээ маш их гарз хохирол амссан. Бидний монголчууд өвгөдөөс өвлөсөн, хэнээс ч булааж түрэмгийлж аваагүй газар нутагтаа ч бүрэн эзэн сууж чадаагүй.

5 САЯ ШАХАМ ХАВТГАЙ ДӨРВӨЛЖИН КМ ГАЗАР НУТГИЙНХАА 1,5 САЯ ДЭЭР НЬ 542.504 ХҮН Л ТУСГААР МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ ИРГЭН ГЭЖ НЭРЛЭГДЭХ БОЛОМЖИЙГ ОЛЖ АВСАН ЮМ. ЭНЭ БОСГОН ДЭЭРЭЭС ХАРВАЛ БИД ӨНГӨРСӨН ЗУУ ГАРУЙ ЖИЛД УРАГШЛАН ХӨГЖСӨН.

Хөгжлийн гараагаа эхэлж байсан зуу гаруй жилийн өмнө бидний үндэсний баялагийн нийт хэмжээ манайд ирж ажиллаж байсан судлаачдын тооцоогоор 250 сая рубль, 13 сая гаруй толгой мал нь энэ үндэсний баялагийн дийлэнхийг бүрдүүлдэг. Улсын жилийн орлого 74,5 сая рубль, зарлага 73,5 сая рубль, чөлөөт  үлдэгдэл буюу улсын хэмжээний нийт орлого 1 сая рубль байжээ.

Тухайн үеийн 1 рубль нь одоогийн 1 төгрөг. 1921 оны хувьсгалын дараа улсын сангийн нийт мөнгө 1,5 сая байв. Үндсэндээ ахмад үе маань 0 ээс эхэлсэн. Тэгээд улс орноо босгоод бидэнд хүлээлгэж өгсөн юм. Одоо улсын төсвийн жилийн орлого, зарлага аманд багтахгүй тоотой болсон. Энэ үүднээс харвал бид хөгжин дэвшсэн. Ургаш хол ахисан.

Харин өссөн эдийн засгийн үр дүн хүндээ хэрхэн наалдав гэдэг л чухал. Хөгжлийн хэмжүүр хүн л байх ёстой. Тайван амгалан, чинээлэг, өөртөө болон бусдад сэтгэл хангалуун, эрүүл чийрэг, нийгмийн бүх талын аюулгүй орчинд амьдардаг Монгол хүн бий болсон цагт бид хөгжжээ гэж үзэж болох байх. Үндэсний баялаг, эдийн засгийн нөөцөө бид хувиарлан зарцуулах арга гарцаа зөв байлгаж чадахгүй байна уу даа л гэж бодож сууна.

Алдаа ч байна, оноо ч байна. Алдаж болно. Харин алдаагаа давтахгүй байх л хэрэгтэй.

Бид алдаанаасаа суралцаж урагш алхах ёстой гэдэгтэй бүх хүн санал нийлдэг. Тэгвэл  өнөөгийн алдаа юунд оршиж байна гэж та боддог вэ?  Гаргаж болохгүй алдаа гэж байдагийг түүхэн сургамж харуулдаг гэж би боддог.

Бидний гаргаж болох магадлалтай хамгийн том алдаа бол тусгаар тогтнолоо хэврэгшүүлэхэд оршино. Аль ч орны хүчирхэг ба сул дорой байдал, тусгаар тогтнолоо олох болон алдах нь цаг хугацаатай гэдгийг бид ямагт санаж явах ёстой. Том байсан улс жижиг, жижиг байсан улс томорсон олон жишээг бид мэднэ. Манай улс гэхэд л хэчнээн улсыг түүхийн тавцанд хүчирхэгжин гарч ирэх нөхцөлийг бүрдүүллээ дээ. Ийм үйл явц бас цаашид явагдах л байх. Ийм нөхцөлд үндэстний язгуур хүчирхэг чанараа хэвээр хадгалж уусаж алга болохгүй байх, тусгаар байдлаа алдахгүй байх, дархлаагаа байнга бэхжүүлж байх ёстой.

МАНАЙ ТҮҮХИЙН МАШ ИХ СУРГАМЖ БИЙ. ТӨРИЙН БОДЛОГО БҮХ ТАЛААР ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛАА БЭХЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭЖ БАЙХ ЁСТОЙ.

Улс аюулаас ангид байх үндсэн нөхцөл нь эх оронч үзлээр тугаа хийсэн, улс үндэсний эрх ашгаас урвадаггүй, хөгжин төлөвшсөн иргэдтэй байх явдал. Хүний хөгжлөөр л хөгжилөө хэмжинэ гээд байгаагийн учир энэ. Цаг зуурын сайн сайхан, тайван амгаланд хууртаж болохгүй гэдгийг түүх сургаж байдаг. Төрийн хараа холч байх учиртай. Хараа холч байхын тулд төр хүчирхэг байх шаардлагатай. Улс орны өнөөгийн нөхцөл байдлыг харвал төр нэгдмэл, хүчирхэг шинжээ сэргээх шаардлагатай болжээ гэсэн дүр зураг харагдаж байна.

Манай Их Улсын доройтлын үндсэн шалтгаан төрийн нэгдмэл байдал, засаглалын хүч суларсантай л холбоотой. Яагаад ийм байдал үүсэв гээд дотор нь задалбал их олон зүйл яригдана. Өнөөгийн алдаа эндлийн бас нэг гол учиг нь өнөөгийн цаг үе дэх үндэстнийхээ сэтгэлгээ, иргэншилийнхээ онцлог, дорнын төрт ёсны уламжлалтай үндэстний сэтгэхүйн хэв шинж гэх мэт дотоод хүчин зүйлээ таньж, нээн орчин үеийн цагийн байдалтай уялдуулах явдалд анхааралгүй хандаж байгаад оршино гэж би хэлэх байна.

Тэгэхлээр одоо цагийн бид өнгөрсөн туршлагаасаа сургамж авахгүй байгаагаас амьдарч буй цаг үеийнхээ алдаа, оноог таньж мэдэхгүй байна, түүнээс шалтгаалаад алдаа гаргаад байна, гаргаж буй алдаа нь төрийн хүчирхэг байдлаа алдаж буй явдал гэж та хэллээ. Таны бодлоор төр сулран хүчгүйдсэний алдаа нь төрийн бодлогод байна уу?, төрийн түшээдийн үйлдэлд байна уу?

Төр хүчирхэг байдлаа алдсаны учрыг эхлээд бид олох ёстой. Хүчирхэг төр гэж дарангуй төр биш шүү. Төрийн бүх институци нь цагийн механизм шиг ажилладаг, хэн ч ирсэн зөв бодлого нь хүчтэй хэрэгжиж байдаг ёс зүйн, сахилга батын шаардлага өндөр ийм төрийг хэлж байна.

СУЛ ТӨРД СУЛ ТҮШМЭД Л БАЙНА.

Манайд төр, улсаа засах бэлэн жор хайсан алдаа их байлаа. Хаана ч тийм төр засах жор байхгүйг одооноос ухаарч байх шиг. Монголын төрийг монголчууд л засаж чадна. Биднээс илүү ухаалаг улс сайхан төр байгуулаад байна. Тэрийг нь аваад л хэрэглэе гээд бид зуу гаруй жилийн өмнөөс л хайсан юм. Тэр гаднаас авчирсан жортой хайрцагандаа үндэстнээ тааруулах гээд үйлээ үзээд байх юм.

АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ, ХҮНИЙ ҮНДСЭН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ӨМЧ ХӨРӨНГӨТЭЙ БАЙХ, ОРШИН СУУГАА ГАЗРАА СОНГОХ, ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁСЫГ ОДОО МОНГОЛД ҮГҮЙСГЭН ЭСЭРГҮҮЦЭХ ХЭН Ч БАЙХГҮЙ.

Гагцхүү өөрсдийнхөө үндэстний онцлогт тохирсон төрөө засаж, засаглалаа хэрэгжүүлж чадахгүй байгаад их учир байна. Либерал үзэл санааг манайд түгээн нутагшуулах оролдлого төдийлөн таарамжтай биш байна. Хориглон хязгаарлах гэсэн утгаар хэлээгүй юм шүү. Нээлттэй нийгэмд хэн ямар үзэл санаа тунхаглаж түүндээ үнэнч байх нь чөлөөтэй. Засаглалын хяналт тэнцвэржил, хуулийн засаглал гээд их ярьж Үндсэн Хуульд энэ нь тусгагдсан гэх боловч учир дутагдалтай байна. Үндсэн Хуульд засаглалын эрх мэдлийг биш, чиг үүргийг л хувиарласан.

Гэхдээ энэ нь оновчтой болоогүй гэдэг судлаачидтай би санал нийлдэг. Тиймээс ч монголын нөхцөл байдал, үндэстэн ардынх нь сэтгэхүй, уламжлалт соёл, төр засах хэв маяг, язгуур зан заншилаас нь хол хөндий байгаа учраас тэр дагуу засах гэсэн төр нь суларч гацчихаад, явуургүй болчихоод байна уу даа гэж бодох болсон. Андуу бодсон байж болох л доо. Гэхдээ үүссэн сөрөг асуудлын дийлэнх нь хүнээсээ биш, тогтолцооноосоо шалтгаалаад байгаа учраас би дээрх дүгнэлтийг хийгээд байгаа юм.

ТОГТОЛЦООНДОО ТААРУУЛЖ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ГЭЖ ОРОЛДОХ НЬ ЯВУУРГҮЙ Л ДЭЭ. ЭРС ШИНЭЧИЛЖ БАЙЖ Л ӨӨРЧЛӨЛТ ГАРНА.

Тогтолцоо гэдэгт би одоо мөрдөж буй Үндсэн Хуулийн үзэл санаан дээр бий болсон төрийн байгууламж, бусад органик хуулиуд тухайлбал, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль гэх мэт гол хуулиудыг мөрдөн хэрэгжүүлсний үр дүнд бий болсон нийгмийн системийг хэлж байгаа юм. Төрийн бодлого нэгдмэл, залгамжилсан, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүсэл бодол дээр суурилагдсан байж л  хүчирхэг, зөв, чигч байж чадна.

Одоо бол төрийн нэгдсэн, холч бодлого биш засгийн эрх мэдлийн төлөө тэмцэгч намуудын мөрөөдөл, хуурмаг саймширагч амлалтын үр дүнд бий болсон богино зайны улс төрийн бодлого төрийн бодлого нэр дор явж байна. Энэ нь Үндсэн Хуулиндаа сонгуулийн системээ хуульчлан заагаагүйгээс сонгууль бүрийн дараа “төрийн эргэлт” маягийн өөрчлөлт гардаг, Улс төрийн намуудын тухай хууль нь хүчирхэг хоёр нам л байх нөхцөлийг бүрдүүлсэн зэрэгтэй шууд холбоотой.

Уг нь нам төвт төрийг халсан их өөрчлөлт 1990 онд хийгдсэн шүү дээ. Одоо эргээд сонгуулиар ялсан эрх баригч нам нэр дор нам төвт тогтолцоо сэргэчихсэн явж байна. Хэнийг ямар албан тушаалд томилохоос эхлээд бүх асуудал эрх барьж буй намын удирдах түвшиний байгуулгад, парламент дотроо намын бүлэг гэх субьект дээр хэлэлцэгдэж байж төрийн үйл ажиллагаа болон явж байна. Тийм учраас намын төр тогтож, үндэстний төр хүчгүйдэж байна.

ӨНӨӨГИЙН ТӨРИЙН ТҮШЭЭД ЗӨВХӨН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ТӨДИЙГҮЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД Ч ГЭСЭН ТӨРДӨӨ ТАНГАРАГ ӨРГӨХИЙН ӨМНӨ НАМД ТАНГАРАГ, АМ ӨГДӨГ.

Мэдээж олон хүн сайнтай муутай ч тэдний дийлэнх олонхи нь Монгол төрийн төлөө морь нохой мэт зүтгэх хүсэл эрмэлзэлтэй сайн хүмүүс гэдэгт би итгэлтэй байна. Гагцхүү тогтолцоо нь тэднийг төрд биш аль нэг нам, бүлэглэлд зүтгэж буй хуурмаг этгээд мэт муухай харагдуулах гол нөхцөл болж байна. Ийм байдал бүлэг зальхайтнууд нам болон төрд гарч ирэн дураар аашлах боломжийг олгож байна. МАНАН гэж нэрлэгдээд байгаа мафижсан бүлэглэл үүний жишээ. Ийм бүлэглэл гарч ирэх боломж олгосон нь бидний алдаа.

Та одоо байгаа төрийн тогтолцоог манайд хараахан тохирохгүй байна гэлээ. Хуулийн засаглал, олон намын тогтолцоо, ерөнхийдөө ардчилсан засаглал манайд тохирохгүй гэж хэлээд байна уу?

Бид хоёрын яриа их хүнд сэдвээр өрнөж байна л даа. Ард түмэн, олон нийтийн ашиг сонирхолд л үйлчлэх ёстой хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх зэрэг төр, засгийн институциуд хувийн сонирхол дээр нэгдсэн бүлэг этгээдийн гарт орчихвол тэнд ардчилал бол хоосон үг болно. Дүр эсгэсэн ардчилал гэдэг биз дээ. Украйны “Ард түмний зарц” гэдэг цуврал кино яг энийг үзүүлдэг. Хэдийгээр хошин гэдэг тодотголтой ч бодит байдлыг харуулсан учраас мөрөөдлийн ерөнхийлөгчийн дүрд тоглосон жүжигчин нь жинхэнэ ерөнхийлөгч болсон.

Манайд ч ийм байдал үүссэн учраас тэр МАНАН гэдэг бүлэглэл бий болсон. Жаахан түүх ярья. Хуулийн засаглал гэх ойлголт шашнаас уг сурвалжтай гэж орчин үеийн улс төрийн нэрт онолч Фрэнсис Фукуяма номондоо бичсэн байдаг. Нэг үгээр бол бүхнээс хүчирхэг хааны эрх мэдлийг хязгаарлах зорилгоор л парламентат ёс үүссэн шиг, хүчирхэг хаад ноёдын анхаарлыг татаж хүндэтгэлийг нь хүлээн дагаж мөрдөх дүрэм журмыг зохион хэрэгжүүлж чадах ганц хүмүүс нь шашны мяндагтанууд байсантай холбогдуулан тэгж хэлсэн хэрэг.

ХАРИН МОНГОЛЫН ИХ ХААН ЧИНГИС ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ХҮЧИРХЭГ УЛС БАЙГУУЛСНЫ НЭГ НУУЦ НЬ ШАШИНААС АНГИД БАЙСАН ЯВДАЛ ЮМ.

Монголын хүчирхэг их хаадын засаглал дахь ард түмнүүдийн бүх шашин Монгол  төрийн дор оршиж байсан билээ. Энэ бол төр засах дорнын ёсны уламжлал. Өмнөд хөрш хятадад тогтож байсан төрүүд ч шашныг дээрээ гаргаагүй. Хойд хөршийнх ч мөн адил үнэн алдартны сүмүүдээ төрийн дээр гаргалгүй хааны эрх мэдлээ хэвээр хадгалж үлдсэн нь Монголын Зүчийн улсын төр засах ёсон дээр суурилсанаас үүдэлтэй гэж болно. Тийм ч учраас Оросыг өрнөдийнхөн хөндлөнгийн нүдээр хараад байдаг учиртай. Харин өрнөдөд байдал өөр байсан бөгөөд хуулийн засаглал төвлөрсөн төрийн эрх мэдлийг тогтоон барьдаг эрх зүйн институци болон төлөвшсөн түүхтэй.

Тэгэхлээр манайхны уламжлалт төрт ёсны үзэл санаа өрнөдийнхнөөс өөр, өнөө хэр монголчуудын сэтгэлгээний угт байсаар байгааг бид харгалзан үзэх хэрэгтэйг л хэлж байгаа болохоос ардчилал манайд тохирохгүй гэж хэлээгүй юмаа.

ЗУУН ЖИЛИЙН ӨМНӨХ МАНАЙ УЛС ТӨРЧИД ХОЦРОГДСОН ТЭНЭГ АМЬТАД БАЙГААГҮЙ.

Монголын шашны тэргүүн Богд гэгээнийг тусгаар улсынхаа шашин, төрийн эрх мэдлийг хослон баригч хаанаар өргөмжилснийхөө дараахан Улсын Дээд, Доод хурал байгуулж хуулийн засаглалын үзэл санааг төрийнхөө бүтцэд оруулж ирсэн юм. Шинэ нөхцөл байдлыг олж харж ойлгосон хэрэг. 1921 оны Ардын хувьсгалын дараа ч Хаант засаглал хэвээр байсан. 1924 оноос Үндсэн Хуульт хамтын засаглал тогтоох замаар явсан ч Чойбалсан, Цэдэнбал нар ганц хүний засаглал тогоосон.  Энэ хоёр маань Богд хаантай ялгаагүй эрх мэдэлтэй байсан шүү.

Шашны үзэл санааны оронд марксизм-ленинзмийн сургааль нэртэй үзэл суртал ноёлж хэрэгжүүлэгч субьект нь МАХН, түүний хөтөлбөр, их болон бага хурлуудын тогтоол шийдвэр гэх боловч Чойбалсан, Цэдэнбал зэрэг бие хүмүүс шууд удирдлагыг хэрэгжүүлж байсныг бид мэднэ. Тоталитар, авторитар дарангуйлагч хэмээн тэднийг бид нэрлэдэг. Тийм дэглэмийн удирдагчийн зөв байсан. Ер нь дарангуйлагч дээр гэж би ярих гээгүй. Тэдний үйлдлийг хүлээн зөвшөөрдөг, хүлээдэг, хүсдэг сэтгэхүй бидэнд байдгийг би хэлэх гэсэн юм.

МОНГОЛЧУУД НЭГ ТУГАН ДОР НЭГДЭХЭЭРЭЭ СЭРГЭН ӨНДИЙДӨГ. ОЛОН ТУГ ГАРЧ ИРЭХЭЭР САЛАН БУТАРДАГ. ТҮҮХ НЬ ТИЙМ СУРГАМЖ ҮЛДЭЭСЭН БАЙДАГ.

Нэг намын ноёрхолын үед Ардын Их хурал, Сайд нарын зөвлөл гэх мэт олон түмний төрийн эрх барих төлөөллийн болон гүйцэтгэх институци нь намын шийдвэрээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. Чойбалсангийн үед Цэдэнбал дарга нэг хэсэг намын даргын албан тушаалд буюу удирдлагын 2 дугаар эгнээнд явж байгаад маршалыг нас барсны дараа нэлээд тэмцэл хийж байж нам, төрийн удирдлагыг нэг гарт төвлөрүүлж авсан юм.  

Нам төвт төртэй социалист орнуудын хувьд бүгд ялгаагүй марксист нам, түүний тэргүүн Ерөнхий болон 1 дүгээр нарийн бичгийн дарга нэрээр төр болон намын дээд эрхийг барина. Намын дүрэм хуулийн хүчинтэй үйлчилнэ. Үүнийг 1990 онд монголчууд өөрчилж шинэ Үндсэн Хуулиа батлан, байгуулж босгох нийгмээ парламентын засаглал бүхий Иргэний ардчилсан нийгэм байх болно гэж тунхагласан шүү дээ.

ЯГ ОДОО БАЙГАА ТОГТОЛЦООГ БИ ИРГЭНИЙ АРДЧИЛСАН ТОГТОЛЦОО ГЭХГҮЙ. УГ НЬ ТИЙШЭЭГЭЭ Л ЗҮТГЭЭД БАЙГАА ЮМ ШИГ БИЛЭЭ БҮГДЭЭРЭЭ. ХЭН ЯАЖ ЗАСАГЛАХ ВЭ ГЭДЭГ ДЭЭРЭЭ ХАРИН УЧРАА ОЛОХГҮЙ МАРГААН, ТЭЭНГЭЛЗЭЛИЙН БАЙДАЛТАЙ БАЙНА. ЯГ ОДООГИЙН БАЙДАЛ ЯВААНДАА ӨӨРӨӨ ЗАСАГДААД, ХҮМҮҮС НЬ УХААЖААД ГЭГЭЭРЭЭД ТЭГЭЭД САЙН САЙХАН БОЛНО. ЖААХАН ХҮЛЭЭ ГЭВЭЛ БҮТЭХГҮЙ.

Тэгвэл таныхаар ямар хэлбэр, бүтэц манайд тохиромжтой вэ?

Уламжлалаа харвал хоёр танхимтай парламентын хувилбар манайд илүү тохиромжтой гэж боддог. Энэ нь засгийн бүх эрх ард түмэнд хадгалагдана гэдэг зарчмыг үндэс болгосон хэрэг юм. Их танхим нь сонгуулийн насанд хүрсэн 5000 хүн тутмаас 1 төлөөлөгч сонгогдож бүрдэнэ гэвэл одоогийн байдлаар 240 суудалтай л танхим болох юм.

Энэ сэдвээр олон хүн санаа бодлоо хэлж байгаа болон тайлбарлахад хугацаа орох, мөн бидний яриа нэлээд урт болж байгаа тул ингэсгээд орхисон нь дээр байх. Эрх мэдэл хаана байршиж, хэрхэн хэрэгжиж, хэнд хянагдаж, хэний эрх ашигт үйлчилж байх вэ гэдгийг олон нийтэд нэн ойлгомжтой болгох шаардлага манай үеийнхэнд тулгарч байна. Үүнийг хийж чадвал хойч үеийнхэн маань зөв сайхан нийгэмд амьдарна.

Эрх ашгийн эрэмбээ бид зөв тогтоож чадаагүй байна гэсэн үг үү?

Тийм ээ, чадаагүй байна. Чадсан бол алив тэр иргэний нийгэм чинь гэж хүмүүс асуухгүй, ядуурал нийгэмд нүүрлэхгүй байсан.

Монгол төрийн түшээ хүний үндсэн шинжийг та хэлээч?

ТӨРИЙН НЭРЭЭ ӨӨРИЙН НЭР МЭТ ХАЙРЛАН ДЭЭДЭЛДЭГ ХҮН Л ТӨРДӨӨ ТҮШИГ БОЛЖ ТҮМЭНДЭЭ ХҮНДЛЭГДЭХ БАЙХ.

Төрөө байтугай нэрээ боддоггүй хүмүүс төр рүү зүтгэж байгаа нь тогтолцоо буруу яваад байгааг л харуулж байгаа юм.