Л.Элдэв-Очир 2019.05.03 | iToim.mn

Л.Элдэв-Очир: Зүүнбаянгийн төмөр замаа эхлүүлвэл бариад дуусгаасай л гэж бодож байна

Л.Элдэв-Очир: Зүүнбаянгийн төмөр замаа эхлүүлвэл бариад дуусгаасай л гэж бодож байна

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очироос төмөр замын талаар зарим зүйлийг тодрууллаа. 

-Засгийн газраас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих шийдвэрийг гаргасан. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ухаантай хүмүүсийнхээр л явах байлгүй дээ бодвол. Зүүнбаян бол хөрөнгө мөнгөтэй бол явах л төмөр зам. Хөрөнгө мөнгөнийхөө боломжид тааруулаад эхний ээлжид Тавантолгой-Гашуунсухайтын замаа оруулъя л гэж байгаа. Өөр зүйл байхгүй. Гэтэл Зүүнбаянг явуулна гэнэ. Тавантолгой-Гашуунсухайтын эхний төмөр замын асуудлаа шийдчихвэл өөр олон асуудал шийдэгдэх боломжтой. Энд 10 тэрбум ам.долларын алдагдсан боломжийн асуудал яригдаж байна шүү дээ. Энэ замд 10 гаруй мянган машин техник, 14 мянган жолооч ажиллаж байна. 60 гаруй жолооч нас барсан. Энэ хүмүүсийн амийг төр засгаас нэхэж л таарна шүү дээ. Тэнд хар тамхи, биеэ үнэлэх, хулгай, хүн амь гээд олон болох, болохгүй хэрэг гарч байна. Иймд энэ хүмүүсийн асуудлыг шийдвэрлэмээр байна. Иймээс санаа зовоод байна.

-Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга таныг Хятадын парламентын гишүүн гэж шүүмжилсэн байсан?

-Яах вэ, мэдрэл муутай хүн юу ч гэж ярьж болно. Хятадад оччихоод Их хурлын гишүүдээ Хятадынхаар нь дуудаад явж байгаа хүний мэдрэл нь зүгээр үү.

-Ингэж тойруу замаар төмөр замаа барьж байгаа нь ойрын хугацаанд нүүрсээ Хятад руу гаргах бодолгүй байна гэж ойлгож болох уу?

-Бүү мэд. Учрыг нь олохгүй л сууна. Мэдээж зүүн тийшээ төмөр зам тавилгүй яах вэ. Төмөр зам өртгөө нөхөхөд үнэхээр хэцүү. Урагшаа шууд гаргаад зарж болох нүүрсийг хажуу тийшээ 414 км зөөх шаардлага байна уу, үгүй юү. Улс төр бизнесийн салбарыг боомилж байна. 

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг 280 сая ам.доллараар барьсан. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг энэ хэмжээний мөнгөөр барина гэж төлөвлөж байгаа. Хоёр дахин урт замыг ижил хэмжээгээр барьж чадах уу?

-Нэг км төмөр замыг 1.2 сая ам.доллараар барих юм билээ. Жил бүрийнх нь ашгаар санхүүжүүлээд дуусгая гэж байгаа юм билээ. Гурав дахин хямд өртгөөр барина ч гэх шиг. Ухаантай хүмүүсийн хийж байгаа ажлыг одоо юу гэлтэй нь билээ. Одоо яах вэ нэгэнт шийдвэр гарчихсан. Хэрвээ эхлэвэл Зүүнбаянгийн төмөр замаа бариад дуусгаасай. Хэдэн төгрөг бас шамшигдуулчихаад эцэст нь бултчихвий дээ. Ингэж л айж байна даа.

Сэтгүүлч Л.Одончимэг