У.Хүрэлсүх Ё.Баатарбилэг 2019.05.07

Хэнтий аймгийн боловсрол, соёл, спортын салбарынхантай уулзав

Хэнтий аймгийн боловсрол, соёл, спортын салбарынхантай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, зарим сайд нар Хэнтий аймгийн Боловсрол, соёл, спортын салбарын ажилтан, албан хаагчидтай уулзаж, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, салбарт хамаарах онцлох шийдвэрүүдийг танилцууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнгөрсөн 30 жилд бид эдийн засаг гэсээр эрдэм боловсролоо орхигдуулсан байна. Уул уурхай гэсээр улс түмнээ соён гэгээрүүлэх ажлыг хойш тавьсан байна. Тиймээс манай Засгийн газар хүн ардаа соён гэгээрүүлэх ажилд онцгой анхаарна” гэсэн юм. Тэрээр их, дээд сургуулийн сургалтын төлбөр айлын эдийн засгийн дарамт болж байна. Тиймээс чанаргүй сургуулиудыг цэгцлэх цаг болсон. Дарга нь олон, мэргэжилтэн нь цөөхөн болжээ. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдээ дэмжиж, нарийн мэргэжилтнүүдээ бэлтгэхэд анхаарна. Мэргэжлийн ур чадвартай ажилчид Монгол Улсыг нуруун дээрээ үүрч яваа гэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монголын багш нарын VII их хурлаар хот, хөдөөгийн олон мянган багш нарын саналыг сонсож, Засгийн газар шийдвэр гаргасан. Багшийн хичээл практикийн зардал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж буй багшид нэмэгдэл олгох, цэцэрлэг, сургуулийн бүх багшийг компьютержуулах зэрэг олон жил яригдсан асуудлыг шийдсэн, цалин, хангамжийн асуудлуудыг судалж, үе шаттай шийдвэрлэнэ гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хэрлэн сумын нэгдүгээр дунд сургуулийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулан өгч, тус сургуулийн сурагчид “Талархалын тоглолт”-оор бэлэг барилаа.

Уулзалтын төгсгөлд салбарын зарим байгууллагад компьютер, олон үйлдэлтэй принтер, хувилагч, морин хуур, үлээвэр даралтат хөгжим зэрэг хөрөнгө оруулалтын зүйлсийг гардуулан өгөв.

Уулзалтад Хэнтий аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар болон харьяа цэцэрлэг, сургууль, насан туршийн боловсролын төв, орон нутаг судлах музей, нийтийн номын сан, Хан Хэнтий чуулгын ажилтан, албан хаагчид оролцож, саналаа хэлж, ажил байдлаа танилцууллаа.