“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлэг эхэллээ
2019.05.07

“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлэг эхэллээ

Улсын Их Хурал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг  өнөөдөр (2019.05.07) Төрийн ордонд зохион байгууллаа.

Үндэсний хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Батзориг холбогдох яам, агентлагын албан тушаалтнуудаас гадна 21 аймаг, 331 cумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн удирдах газрын дарга болон малчин, тариаланчдын төлөөлөл нийт 850 гаруй хүн оролцож байна. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир хэлэлцүүлгийг даргалж, хуралдааны дэгийн талаар танилцуулсан. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дарга  үндэсний хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ

Монгол улсын нийт газар нутгийн 73,8 хувийг эзэлж байгаа хөдөө аж ахуйн эдэлбэр газарт мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд зориулагдсан бэлчээр, хадлангийн газар 96,1 хувийг эзэлж, мал аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30,0 хувь ажиллаж байгааг тодотгохын зэрэгцээ сүүлийн 20 гаруй жилд уул уурхайг шүтэж, эдийн засаг нь ашигт малтмалын үйлдвэрлэлээс хамааралтай, хөдөө аж ахуй нь эрсдэлд өртөмтгий, эмзэг бүтэцтэй байгааг онцолсон. Мөн Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Бэлчээрийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” чиглэлийг Засгийн газарт өгөөд ажиллаж байгаа талаар дурдав. 

Манай орны нийт бэлчээр жилд дунджаар 84.6 сая хонин толгой мал агуулах багтаамжтай бөгөөд одоогийн байдлаар зохист хэмжээнээс даруй 25,1 сая толгойгоор илүү байна. Бэлчээрийн даацын хэтрэлт, талхлагдал, ашигт малталын хайгуул, олборлолтын үйл явц бэлчээрийн газрыг эрчимтэй доройтоход ихээхэн нөлөөлж, зарим нутагт нөхөн сэргэх боломжгүй байдалд хүрчээ. Монгол Улсын бэлчээрийн төлөв байдлын 2018 оны тайлангаар бэлчээрийн эдэлбэр газрын 57,0 орчим хувь тодорхой хэмжээгээр доройтолд орж, үүний 10,3 хувь нь дахин сэргэх боломжгүй, цөлжих эрсдэлд хэдийнэ өртсөн талаар УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон. Иймд бэлчээрийг ашиглах, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн суурь бодлого байх ёстой гэдгийг дурдаад үндэсний хэлэлцүүлэгт амжилт хүслээ.

Үргэлжлүүлэн  НҮБ-ийн Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа үг хэлэв.

Дараа нь Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн мэргэжилтэн Д.Булгамаа “Монгол Улсын бэлчээр нутгийн өнөөгийн төлөв байдал”-ын талаар илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ, Монгол орны бэлчээрийн талаас илүү хувь нь соргог төлөв байдлаас өөрчлөгдөж харилцан адилгүй хэмжээгээр доройтсныг дурдаад ялангуяа байгалийн аясаар сэргэх боломжоор муу, ургамалжилт төдийгүй хөрсний элэгдэл эвдрэл хавсарч доройтсон талбайн хэмжээ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байна гэж байлаа. Гэвч өөрчлөгдөж доройтсон бэлчээрийн дийлэнх буюу 80 гаруй хувь нь бэлчээр ашиглалтын горим ачааллыг тохируулсан нөхцөлд 1-3, 3-5, 5-10 хүртэл жилийн дотор сэргэх боломжтой. Өвөг дээдсээс уламжлан ирсэн бэлчээр ашиглах алтан дүрэм болох даацыг үл хэтрүүлэх, тэжээлийн нөөцийг үл шавхах, бэлчээрийн ургамалд нөхөн төлжих боломж, хугацааг олгох шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчдод анхааруулж байлаа. 

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар “Бэлчээрийн тухай хуулийн үзэл баримтлалын талаар” танилцуулсан. Уг танилцуулгад, Монгол улсын хөдөө аж ахуйн эдэлбэр газарт бэлчээр, хадлангийн талбай 112,1 сая га газар байгаагийн 1,5 хувь нь хадлангийн, 96.1 хувь нь буюу 110.4 сая га газар нь бэлчээрийн газар аж. Гэвч өнөөдрийг хүртэл бэлчээрийн тухай бие даасан хуулийн зохицуулалтгүй байна.

Мөн  хуулийн төсөл нь бэлчээрийг нийтээр ашиглан хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоож, даацад нь тааруулан хуваарь сэлгээтэйгээр зохистой ашиглах, малын тоог өсгөснөөр ашиг олох биш, нөөцөд тааруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахад ач холбогдолтой гэж үзжээ. Түүнчлэн малчдын бүлгүүд хил зааг тогтоосон гэрээт бэлчээрийг ашиглах эрх зүйг бүрдүүлснээр гэрээт бэлчээрээ даацад тохируулан зохистой ашиглах, хамгаалах сэтгэлгээ, нутаг усны малчдын хамтын ажиллагааны нэгдэл бэхжих, эрх нь хөндөгдсөн тохиолдолд учруулсан хохирлыг нөхөн төлүүлдэг нийгмийн тэгш, шударга ёс хангагдах, бэлчээрийн унаган төрхийг сэргээн сайжруулснаар бэлчээрийн 100 гаруй зүйлийн ургамлаар идээшлэсэн малаас органик хүнс, түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх хүрээ тэлэх зэрэг олон талын ач холбогдол, үр нөлөө үзүүлнэ гэж  төсөл санаачлагчид үзжээ.  

Дээрх илтгэлүүдтэй холбогдуулж хэлэлцүүлэгт оролцсон малчид, төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн. Төлөөлөгчдийн зүгээс бэлчээрийн тухай хуулийн төслийг нэн даруй батлах шаардлагатайг онцлохын зэрэгцээ малын тоо толгойг цөөрүүлэх, улсын сайн, аварга малчин шалгаруулахдаа тоо бус чанарт анхаарсан журам боловсруулах, малчдын өвөлжөө, хаваржаа болон сэлгээний газрыг эзэмшүүлж, хадлан бусад газрыг нийтийн эзэмшилд үлдээх, отрын бүсийн зохицуулалтыг оновчтой тодорхой болгох, бэлчээрийн тухай хуульд говь, хангай, хээрийн бүсийг харгалзсан зохицуулалт хийхэд анхаарах шаардлагатай гэсэн саналуудыг илүүтэй хэлж байлаа. 

Үргэлжлүүлэн  Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Малчдын бүлгийн зохион байгуулалтад үндэслэн бэлчээр ашиглалтын гэрээг хэрэгжүүлсэн туршлага”, Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил баг “Ундрага бэлчээр ашиглалтын хэсэг”-ийн малчин Г.Дамдинсүрэн “БАХ-ийн зохион байгуулалтанд үндэслэн бэлчээр ашиглалтын гэрээ хэрэгжүүлсэн туршлага” сэдвээр  илтгэл тавьснаар  үдээс өмнөх хуралдаан түр завсарлав.