Д.Гантулга 2019.05.07 | peak.mn

Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тогтоолыг хүчингүй болгохоор ҮХЦ-д ханджээ

Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тогтоолыг хүчингүй болгохоор ҮХЦ-д ханджээ

Судлаач Д.Ганхуяг өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргалаа. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.

Судлаач Д.Ганхуягийн зүгээс "Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн энэхүү мэдээллийг гаргаж байна" гэжээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар Улсын Их хурлын гишүүний эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулж, гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэлийг тодорхой хуульчилсан байна.

Үүнд:

6.6.1. нас барсан;
6.6.3. гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
6.6.4. хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
6.6.6. гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан зэрэг болно.

Д.Гантулга нь тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтад“гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан”гэж заасан үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд хүсэлтдээ чухам ямар хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо тодорхой дурдаагүй байна.

Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдэг боловч тэрээр гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор эцэслэн шийдэгдээгүй тул энэ үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг нь дуусгавар болгох хууль зүйн үндэслэл болохгүй хэмээн тайлбарлажээ.