Н.Энхболд 2019.05.06 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд цэрэг татлагын явцтай танилцлаа

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд цэрэг татлагын явцтай танилцлаа

2019 оны нэгдүгээр ээлжийн хугацаат цэргийн алба хаагчдыг татах ажил эл өдрүүдэд улс орон даяар өрнөж байгаа билээ. Хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сахин хамгаалах хариуцлагатай агаад хүндтэй албанд мордохоор зэхсэн мянга мянган залуус эх орныхоо өнцөг булан бүрт "чуулж" байна.

Тэгвэл өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын зарим удирдлага Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын явцтай танилцав. Залуусын эх орноо хайрлан хамгаалж, ирээдүйд өв тэгш хүмүүжилтэй иргэн болон төлөвшихөд цэргийн алба онцгой үүрэгтэй. Жил бүр хугацаат цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо нэмэгдэж байгааг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ үеэр хэлэв.

Түүнчлэн тэр бээр зам, барилга, инженерийн мэргэжилтэй залуусыг түлхүү татаж улс орны стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтад оролцуулах боломжийг олгож байгаа нь өнөө жилийн цэрэг татлагын нэг онцлог гэдгийг тодотголоо. Мөн цэргээс халагдсан залуусыг ажлын байраар хангах талаар анхаарч, тодорхой бодлого барьж байгаагийн үр дүнд энэ тал дээр ахиц гарч байгааг ч дурдсан юм.