Оюун-Эрдэнэ.Л У.Хүрэлсүх Ё.Баатарбилэг 2019.05.07 | МҮОНТВ

Театрын барилгатай холбоотой асуудлыг цэгцлэхийг үүрэг болгов

Театрын барилгатай холбоотой асуудлыг цэгцлэхийг үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд бусад албаны хүмүүс Хэнтий аймагт албан томилолтоор хоёрдахь өдрөө ажиллаж байна.

Хэнтий аймгийн Чингис хотод шинээр барьж буй Хөгжимт драмын театрын барилгын ажлын гүйцэтгэлийг дуусгаж энэ онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Тус Хөгжимт драмын театрыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж эхлүүлсэн бөгөөд 2012 оноос санхүүжилт хийгдэлгүй өнөөг хүрсэн байна. Нийт 8,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус барилгын ажлыг 2012 онд эхлүүлсэн ч 2013-2015 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалт тасалдаж, барилгын ажил бүрэн зогссон байна. Өнгөрсөн хугацаанд 7,5 тэрбум орчим төгрөг зарцуулж, 70 хувийн гүйцэтгэл хийжээ. Гэсэн ч барилгын батлагдсан зураг нь байхгүй, дам нуруу, даацын тулгуурууд өвлийн улиралд хийснээс үүдэж чанар, стандарт хангаагүй гэх мэт хариуцлагагүй асуудлуудыг дагуулжээ. Иймд үүсээд буй асуудлуудыг судлан  шийдвэрлэж, төсвийн хөрөнгө оруулалтыг царцаахад хүргэсэн шалтгаан нөхцлийг тодруулж,  шийдвэрлэх арга хэмжээ авч, хариуцлага алдсан хүмүүст нэхэж хариуцлага тооцох үүргийг  Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад өглөө.