У.Хүрэлсүх Т.Бадрал 2019.05.07 | ОБЕГ-ын ХМА

Ерөнхий сайд Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа

Ерөнхий сайд Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Хэнтий аймгийн Онцгой байдлын газар  нь  Гал түймэр унтраах, аврах 42,49, 32 дугаар анги, Эрэн хайх, аврах, Улсын нөөцийн салбар болон Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс гэсэн салбартайгаар аймаг, орон нутгийн хэмжээнд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд он гарсаар 13 удаагийн ахуйн түймэр гарч, 36,6 сая төгрөгийн хохирол учирсан.

Харин ОХУ-ын хилээр Батширээт суманд  04 дүгээр сарын 22-ны өдөр орж ирсэн ойн түймрийг бүрэн хяналтандаа авч, унтраахаар ажиллаж байна. Ойн түймэрт ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар болон “Онон-Балж”-ын байгалийн цогцолборт газрын  тусгай хамгаалалтын захиргаа, Батширээт, Биндэр сумын нийт 360 гаруй хүн, 40 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа гэдгээ танилцууллаа.

Мөн нийт нутгаар ой, хээрийн түймэр гаргах эрсдэл өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлж, аймгийн болон сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байгаа гэдгийг аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Ж.Эрдэнэбат мэдээллээ. 

Мөн тэрээр Жаргалтхаан, Баян-Адарга сумдын эрэн хайх, аврах салбарын бүлэгт гал түймэр унтраах зориулалт бүхий бага оврын хоёр автомашин, гал түймрийн дуудлагаар хаягийн дагуу түргэн шуурхай хүрэлцэн очиход Гал түймрийн байцаагч нарт суудлын автомашины асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдад уламжлалаа. Санал, хүсэлтийн дагуу Засгийн газрын тэргүүн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөө илэрхийлсэн юм.