Р.Дагва 2019.05.07 | НИТХ хэвлэл мэдээлэл

Зарим барилгыг нийслэлийн өмчид бүртгэв

Зарим барилгыг нийслэлийн өмчид бүртгэв

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн Хөрөнгө бүртгэн авах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Барилга, хот байгуулалтын сайдын 126 дугаар тушаалаар баталсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ыг үндэслэн нийлэлийн Засаг дарга 2017 онд "Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах тухай" захирамж гарган Хан-Уул дүүргийн V хорооны нутаг дэвсгэр дэх Арьс ширний 80 айлын орон сууцны Х байрны 20 айлын орон сууцыг буулгаж, "40 айлын орон сууц"-ны барилгыг дахин төлөвлөж барилгажуулахаар болсон билээ. Улмаар гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт "Нью Биг Фиш констракшн" компани шалгарсан тул 2017 онд нэг тэрбум 248 сая 980 мянган төгрөгөөр ажил гүйцэтгэх байгуулжээ. Харин тухайн барилгын усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан холбооны шугам сүлжээ 857 сая 112 мянган төгрөгөөр барьжээ.

Гүйцэтгэгч байгууллагууд барилгын ажлаа дуусгасан тул Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс өнгөрсөн онд цахилгаан хангамж, цэвэр, бохир усны болон холбооны шугамын барилгыг хамт ашиглалтад оруулах дүгнэлт гаргажээ. Тиймээс Хан-Уул дүүргийн V хорооны нутагт барьсан хоёр тэрбум 75 сая төгрөгийн өмчийг нийслэлийн өмчид бүртгэн авч, "Ахмадын орон сууц-1" ОНӨААТҮГ-ын дансанд тусгуулах ашиглалт, хамгаалалтыг нь хариуцуулахаар төлөвлөжээ.

Тэргүүлэгчид хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Тус төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай. Хотын зах орчимд төслийн хэрэгжилт хангалтгүй байна” хэмээн шүүмжилж байв. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөх ажлын явц тааруу байгаа. Байрлал сайтай газруудад дөхин төлөвлөлт явуулаад, хотын зах орчимд хийхгүй байгаа нь үнэн. Ажлын професст нь дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Хувийн хэвшил яагаад уг ажил руу орохгүй байна вэ, ямар арга хэмжээ авах вэ гэдгийг нягтлах шаардлагатай. Нийслэлийн төсвөөр хоёр давхар 40 айлын орон сууц барьснаас хувийн хэвшилтэй хамтраад есөн давхар барилга барьж болохгүй байсан юм уу. Цаашид энэ чичглэлд анхаарах хэрэгтэй. Тиймээс холбогдох байгууллагад тэмдэглэлээр үүрэг өгөөрэй” гэсэн юм. Тэргүүлэгчдийн хуралдаанаас уг барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах шийдвэр гаргалаа.

Мөн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлын хүрээнд нийслэлийн өмчид бүртгэн авах хөрөнгийн өртгийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв. Баянзүрх дүүргийн XXVII хорооны Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн цогцолбор барилгыг гүйцэтгэгчээр шалгарсан “Мотметалл” ХХК 2012 184.5 сая төгрөгийг авч, ажлаа гүйцэтгэлгүй орхижээ. Тиймээс 2016 онд тус ажлыг өөр байгууллага гүйцэтгэх болсон байна. Тэргүүлэгчид холбогдох албаныхан цаашид ийм алдаа гаргаж болохгүй гэдгийг сануулаад тогтоол баталлаа.