2019.05.08

Л.Мөнхбаатар: Хүний эрхийн асуудлыг УИХ-ын түвшинд хэлэлцдэг болох шаардлага байгаа

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.08/ хуралдаан 09.00 цагт эхэлж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ХЭҮК-ын 18 дахь илтгэл сонслоо.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Бид энэхүү илтгэлийг 18 дахь жилдээ сонсож байна. Мэдээж энэ илтгэлийн цаана олон хүний хөдөлмөр байгаа гэдгийг ойлгож байна. Гэхдээ энэ илтгэлийг хэлэлцэх үйл явц, илтгэлтэй холбогдуулан авдаг арга хэмжээ нь бол  Хууль зүйн байнгын хорооны тогтоол гаргадаг. Энэ нь тодорхой хүчгүй үр дүнгүй байгаад байна.

Хууль зүйн байнгын хорооны тогтоол нь хууль зүйн үр дагавар хүчин чадлын хувьд түүнийг дагаж мөрдөх сахин биелүүлэх шинжийг бас бүрэн агуулдаггүй. Ийм учраас хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлууд хуримтлагдах нэг шалтгаан болоод байгаа болов уу гэж би бодож байна.

Хүний эрхийн илтгэлийг арай өөр өргөн хүрээнд цаашдаа хийж баймаар байна. Илтгэлийн сэдэв бол жил болгон өөр байдаг. Иймээс илтгэлийг өргөн хүрээнд хэлэлцдэг жил бүр бүх төлөөлөлүүдийг оролцуулж ажил хэрэгч байдлаар цаашдаа зохион байгуулах нь зүйтэй. Ингээд сонсгол хийсний дараа зөвхөн хууль зүйн байнгын хороо бус бусад байнгын хороогоор хэлэлцүүлж баймаар байна. УИХ-ын түвшинд хүний эрхийн асуудлыг хэлэлцдэг болох шаардлага байгаа.

Хүний эрхийн үндэсний комиссын эрх зүйн байдалд анхаармаар байна. Их мундаг тодотголуудтай ч үнэн хэрэгтээ хуулиар огоддсон эрх нь хязгаарлагдамал. Цаашдаа энэ байгууллагыг үр дүнтэй ажиллуулахын тулд эрх зүйн байдлыг дахин авч үзэх шаардлагатай. Энийг дээрдлүүлж хүний эрхийг хангах сахих үүднээс өөрчлөх ёстой гэж бодож байна. Энэ тал дээр хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэж байгаа юу хийгдэж байгаа бол хуулийн төсөл хэзээ орж ирэх вэ?