Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
2019.05.08

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.08/ хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хуулийн төслүүдийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.

Ажлын хэсэг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, төсөлтэй холбогдуулан гаргасан саналуудыг нэгтэн томъёолжээ. Тухайлбал, төслийн зарим нэр томъёог Нотариатын тухай хууль болон холбогдох бусад хуулийн нэр томъёотой нийцүүлэх, нотариатын үйл ажиллагаа эрхлэх нотариатчийн насны дээд хязгаарыг 70 байхаар, нотариатч мэдээллийн цахим санд бүрдүүлэхтэй холбоотой цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, хадгалах, ашиглах, түүний архив аюулгүй байдлыг хангах журам, мөн нотариатчийн бүрдүүлсэн архивын баримтыг архивт шилжүүлэх, хадгалахтай холбогдсон журмыг тус тус хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор зөвхөн нотариатчдын үйл ажиллагаанд хяналт тавих, судалгаа, хяналт, дүгнэлт хийх, дүгнэлтийг үндэслэн арга хэмжээ авах эрхтэй байх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шижлүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилдэг байх зэрэг асуудлуудыг тусгажээ. Ажлын хэсэг төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 11 томъёоллыг нэгтгэн боловсруулсан болохыг Х.Нямбаатар гишүүн танилцууллаа.