Шагдаруудад зориулсан хууль хэрэгтэй байна
2019.05.09

Шагдаруудад зориулсан хууль хэрэгтэй байна

Хүнээ олж ханилан сууна гэдэг амаргүй даваа болжээ. Нэг л мэдэхэд өөрийн эрх ашгаа бодоод  хөрөнгөө хуваая гэж дайрна эсвэл дундаасаа гарсан хэдэн хүүхдүүддээ юу ч хялайлгахгүй хувийн амьдралаа хөөгөөд алга болдог жишээ монголд элбэг болсон.

2018 оны байдлаар жилд 4200 гэр бүл салсан тоо байна. Тухайн гэр бүлүүдийг амьдарсан жилээр нь харвал 70 хувь буюу дийлэнх нь 5-аас дээш жил амьдарсан байна. Гэр бүл бүр 2-оос дээш хүүхэдтэй байгаа юм. Эдгээр салалтаас шүүх дээр эд хөрөнгийн, хүүхдийн тэтгэмжийн маргаан зонхилж хэдэн жаахан хүүхэдтэй хүүхэн хүүхдээ тэврээд орон гэргүй амьдралын баталгаагүй хоцорсон жишээ тоо тоймшгүй.

Зарим нэг Шагдарууд хуулийг овжиноор ашиглаж хөрөнгөжин хоцорч шүүхээр хүүхдэдээ тэтгэмж тогтоолгон салдаг боловч тэдний 80 хувь нь тэтгэмж нэртэй эцгийн үүргээ хүлээдэггүй дураар амьдардаг. Шүүхээр тогтоолгосон хүүхдийн тэтгэлэг хэзээ ч орлогоос хувьчилж тогтоогддоггүй улмаар  бүс нутгийн амьжиргааны түвшнээр  80000-100.000  төгрөг тогтдог боловч үүнийг өгдөг хүн гэж байхгүй. 100 мянган төгрөгөөр хүүхдээ хүний зэрэгт амьдруулна гэдэг боломжгүй. Тэтгэмжийн хэмжээ дэндүү бага бодит байдалд хүрэлцээгүй.

Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа гэр бүлийн маргаантай нийт хэргийн 78.3 хувийг гэрлэлт цуцлалт эзэлж байна. Гэр бүл цуцлуулах асуудал жилээс жилд нэмэгдэж байгаа нь гэрлэгчдийн хоорондын харилцаа, эцэг эх, үр хүүхэд, ах дүүгээ хүндлэх, зан заншлаа умартах, ёс суртахууны доройтол, нийгмийн бухимдалт үзэгдэлтэй холбоотой ч төрөөс гэрлэгчдийг дэмжих бодлогын буруу зохицуулалт ч үр дагаврыг үүсгэж байгаа гэж үзэх үндэслэлтэй.

Сайн хууль, сайн гэр бүлийн боловсрол хэрэгтэй байна. УИХ-ын нэр бүхий гишүүн завхайрлын хууль хэрэгтэй гэж нэгэн цагт хэлж байсан нь ортой мэт. Салалтын шалтгаан нөхцөл нь таваас дээш жил амьдарсан гэр бүлүүдэд гэр бүлээс гадуурх харилцаа нөлөөлсөн гэх судалгаа байдаг. Мөн саяхан хүүхдийн тэтгэмж эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд хууль санаачилсан гэх шуум дуулдсан. Эхнэрийнхээ, нөхрийнхөө өмнө хүлээх хариуцлагаас нэн түрүүнд гэр бүл төлөвлөлт, үр хүүхдийн асуудлаар хянах, үүрэгжүүлэх нь болохгүй зүйл байхгүй.

Хүүхдийн ирээдүй баталгаатай байх ёстой. Хүүхдийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх нь гэр бүл салалтыг багасгахад сайн нөлөө байж болох юм. Бидний мэдэх Солонгос, Хятад, бусад Азийн орнуудад гэр бүлийн хууль маш чанга байдаг. Саллаа гэж бодоход хэн хэний эрх амьдралын баталгааг сайн бодолцдог. Үр хүүхдээ хаяж хувийн жаргал хөөдөг Шагдаруудтай хуулиар ярьж үүрэг хариуцлагыг нь өгөх хэрэгтэй байна.

Монголд гэр бүлийн  маргааныг шийдвэрлэдэг бие даасан шүүх хэрэгтэй байна!

Нийгмийн гол цөм болсон гэр бүл, үр хүүхдийн жаргалтай сайхан амьдралыг хадгалан үлдээх, энэ чиглэлийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд цогц орчин бүрдсэн мэргэшсэн шүүгч, эвлэрүүлэн зуучлагчаас бүрдсэн дагнасан шүүхийг байгуулах шаардлага нэгэнтээ тулгарсан байна. Гэр бүлийн маргаан гэдэг маш эмзэг асуудал юм. Зөвхөн хоёр талын баталгаа салгаж байгаа мэт боловч цаана нь хүүхдийн эрх, хүүхдийн амьдралын баталгаа хангагдаж байх ёстой . Хоёр тийш хувийн амьдралаа хөөж явлаа ч хүүхдийн өмнө эцэг эх байх үүрэг хариуцлага мөнх гэдгийг санаж үр хүүхдээ насанд хүртэл нь тэжээн тэтгэх, нийгмийн баталгааг нь хангаж өгөхийг хуульчилж шаардаж биелүүлэх эрхзүйн орчин хэрэгтэй байна.

Б.БАЯР