О.Баасанхүү 2019.05.09 | Vip76.mn

О.Баасанхүү: Хуулийн төслийг хойшлуулах горимын санал гаргаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн хэлэлцэх эсэхийг үргэлжилэн хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулах горимын санал гаргалаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Монгол Улс газрын тосны чиглэлээр үйлдвэр байгуулж, Энэтэхэгийн хөрөнгө оруулалт авахаар болж байгаа энэ үед Уул уурхайн яам салбарын хуулиудаа цэгцэлж байгаа нь зөв гэж дэмжиж байна.

Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд албан бичиг хүргүүлсэн. Үүнийхээ хариуг авч байгаад хуулийн төслийг хэлэлцвэл хардалт багатай байх боломжтой гэж бодож байна.

Засгийн газар АНУ-ын газрын тосны компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээний эрхийг Газрын тосны газарт өгсөн байдаг. Үүний дагуу гэрээ байгуулагдсан. Мөн хуульд цуцлах эрх нь Засгийн газарт олгогдсон ч АМХЭГ-ын дарга Петро чайна дачин тамсагт бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан.

Харамсалтай нь манай талд ингэх боломжгүйгээр гэрээ байгуулсан учраас уг компанид бүтээгдэхүүний эрхийг өгсөн. Манай талаас эргэн гэрээг авч үзэх боломжгүй болсон. Үйлдвэр явагдахад түүхий эдээ хангахад зарим нэг "дүлзэнгүүд" ингэж эрх ашиг өгснөөс болоод бид бүтээгдэхүүнээ алдсан. 2007 онд бүтээгдэхүүнээс 1 долларын авлига авч байж магад гэсэн мэдээллээр шалгаж байтал АМГТХЭГ-ын дарга нас барсан. 

Хуульдаа нэг компанид бүрэн эрх олгосноор манай улсад ашиггүй, хохиролтой байдал үүссэн. Тиймээс энэ асуудлаар ҮАБЗ-ийн тэргүүнд бичиг өгсөн. Тиймээс хуулийг хойшлуулах горимын санал гаргаж байгаа юм."