Х.Нямбаатар М.Билэгт 2019.05.10 | Vip76.mn

Нотариатчидын сахилгын зөвлөл нь хараат бус, бие даасан, тогтвортой ажиллах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.10/ нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжилэн хийж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэллээ.

Нотариатын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Сахилгын зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Шүүх байгууллагаас 2, ХЗДХЯ-аас 2, нотариатчидаас 3 хүний бүрэлдэхүүнтэй байна гэж оруулсан. Энэхүү заалттай холбоотойгоор хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч , УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, М.Билэгт, Ц.Нямдорж нар зарчмын зөрүүтэй санал хэлсэн юм. Үүний дараа дээрх санал дээр нийт гишүүдийн дунд санал хураалт явуулахад олонхийн саналаар дараах өөрчлөлтийг оруулах боломжгүй гэж үзлээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

"Нотариат бол төрийн гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллага. Ийм байгууллагын сахилгын зөвлөл нь хараат бус, бие даасан тогтвортой ажиллах ёстой. Бид хуулийн төсөлд шүүхийн төлөөлөл, ХЗДХЯ-ны төлөөллийг ч оруулья гэж санал гаргасан. 

Нотариатчид хууль тогтоомжийг чанд сахиж байна уу үгүй юу гэдгийг хөндлөнгөөс хяналт тавих зөвлөл учраас тогтворгүй ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж болохгүй." гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хувьд Сахилгын зөвлөлд ХЗДХЯ-аас төлөөлөл оруулах нь тухайн зөвлөлөөс нотариатич сахилгын зөрчил гаргаж, эрхийг нь хураахаар шийдвэрлэхэд тухайн нотариатич давж заалдаад ХЗДХЯ-д хандана. гэтэл яамны төлөөлөл нь сахилгын зөвлөлд сууж байж болохгүй. Мөн шүүгч хуулиараа өөр ажил эрхэлж болохгүй гэсэн заалттай. Сонирхлын зөрчил үүснэ гэж үзэж байгаа гэдгийг хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн М.Билэгтийн хувьд Сахилгын зөвлөл нь нотариатын холбоо буюу ТББ-ын статустай учраас өөрсдөө дотоод ажлаа зохион байгуулах нь зүйтэй. Тиймээс Шүүх, ХЗДХЯ-аас төрийн албан хаагчдыг оруулах шаардлагагүй гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Нотариатчидтай төрийн зүгээс харилцах нэг зүйл нь энэ сахилгын зөвлөл юм. Тиймээс сахилгын зөвлөлд дараах бүрэлдэхүүн байснаар төрөөс хяналт тавьж, хуулийн хэрэгжилт хангуулахад анхаарах боломж юм." гэлээ.