Нямдорж.Ц 2019.05.10 | Vip76.mn

Сүүлийн 23 жилийн хугацаанд 0-14 насны 20 хүүхэд олдоогүй, эрэн сурвалжлагдаж байна

Сүүлийн 23 жилийн хугацаанд 0-14 насны 20 хүүхэд олдоогүй, эрэн сурвалжлагдаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

Асуулгын хариуг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

“Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шинэ төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тодорхой зорилт дэвшүүлсэн. Үүнд мөнгө угаах, хүний наймаа, цахим гэмт хэрэг, хар тамхи гэсэн хэргүүд хамаардаг.

Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2017 онд баталсан. Үүний дараа ХЗДХ-ийн дэд сайдаар ахлуулсан уг асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Мөн цагдаагийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж, зохион байгуулалтттай гэмт бүлэглэл, хүн худалдаалахтай тэмцэх хэлтэс байгуулж тодорхой хүрээнд ажиллаж байна.

Эрүүгийн хуулийн энэ төрлийн хэргийг зохицуулж байгаа зүйл заалтууд тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн. Бодит байдал дээр энэ төрлийн зүйл ангиар зүйл ангиар эрүү үүсгэн шалгагдаж байгаа хэрэг олон биш байна.

  • 2016-4
  • 2017-10
  • 2018-8 хэрэг бүртгэгдэж шалгагдсан байна.

2019 оны 4 дүгээр сарын байдлаар энэ төрлийн 8 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ хэргийн улмаас 8 эмэгтэй хохирсны 6 нь 14-17 насны хүүхэд байна.

Цагдаагийн байгууллагад 2010 оноос хойш сан ашиглалтад орсон. Сангийн бүртгэлээр өнгөрсөн 10 жилийн дотор 25501 хүн алга болсон гэж бүртгэгдсэн. Үүнээс 478 хүн олдоогүй. Үлдсэн нь олдсон байна. Харин сүүлийн 23 жилийн хугацаанд 0-14 насны 20 хүүхэд олдоогүй эрэн сурвалжлагдаж байна.”

ХЗДХ-ийн сайдын мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асуулаа.