А.Сүхбат 2019.05.10 | Vip76.mn

А.Сүхбат: Орон нутагт гадны иргэд хүүхэд барих гэж айлгасан тохиолдол гарсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

Асуулгын хариуг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. ХЗДХ-ийн сайдын мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

"Манай улсын уул уурхай, газрын тос, барилга зэрэг салбарт гаднаас нэн ялангуяа БНХАУ-ын иргэд олноор ирж, ажил хийж байна.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд нэг хэрэг гарсан. Хичээлээ тараад явж байсан охиныг машинтай хятад иргэд айлгасан. Үүнийг орон нутгийнхан хавтгайгаараа мэднэ. Нутгийн иргэд айдастай байна. Ийм нөхцөлд сум орон нутгийн цагдаагийн байгууллагыг гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардлагатай техник хэрэглэлээр хангах болмож байна уу? Мөн орон нутгийн зам харгуйг камержуулах боломжтой юу?"