Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтооно
2019.05.10

Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтооно

УИх-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан.

Төрийн албаны тухай хуулийн (шинэчилсэн найруулга)-ийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг Улсын Их Хурал тогтоохоор заасан байна. Иймд Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-д заасантай нийцүүлж, төрийн зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоохоор УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасан улс төрийн болон тусгай албан тушаалд Авлигатай тэмцэх гарын удирдах гүйцэтгэх албан тушаал, Бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, Үндэсний болон орон нутгийн аудитын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаал, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот тосгоны захирагч, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн хамаарч байгаа аж. 

Харин Төрийн аудитын тухай хууль, Прокурорын тухай /Шинэчилсэн найруулга/ Авлигын эсрэг хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуулиудад авлига, шүүх, прокурорын байгууллагын албан хаагчдын цалингийн хэмжээ, нэмэгдлийг  Улсын Их Хурлаас тогтоохоор заасан. Энэ дагуу өнгөрсөн хугацаанд эдгээр албан хаагчдын цалингийн хэмжээг УИХ-аас тусгайлан баталсныг мөрдөж байгаа аж. 

Иймд “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалын сарын цалингийн хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын цалинтай, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалын цалингийн хэмжээг Сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч мэргэжилтэнг Цагдаагийн байгууллагын офицер ахлагчийн албан тушаалыг хамааруулж, адилтгасан албан тушаалын үндсэн цалинтай адил хэмжээгээр тогтоохоор төсөлд тусгасан байна. Энэхүү цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа уншиж танилцууллаа.

Ингээд төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Мөнхбат нар асуулт асууж,санал хэлж, салбарын сайд нараас хариулт авлаа.

Ингээд гишүүдийн 53,8 хувийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэг тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.