Даваасүрэн.Ц Энх-Амгалан.Б Ё.Баатарбилэг У.Хүрэлсүх 2019.05.13 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив

Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 22 дугаар хуралдаан энэ сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хуралдаанаар өмнөх хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, худалдаа, эдийн засаг,  дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Тухайлбал ДЦС-3, ДЦС-4-ийн өргөтгөл, “УБТЗ” ХНН-ийн шинэчлэл, мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км замын суурь бүтцийн барилгын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн эргэлтийн цэг, солбицлыг батлав. Энэ талбайд түгээмэл ашигт малтмал ашиглах эрхийг төмөр замын суурь бүтцийн ажил гүйцэтгэх хуулийн этгээдэд олгохыг Өмнөговь, Дорноговь аймгийн Засаг дарга нарт даалгав.

-Ирэх онд баригдаж эхлэх Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр /Үндэсний урлагийн их театр/, Үндэсний номын сангийн шинэ барилгын зураг төсөл гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

-Бүгд Найрамдах Грек Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улстай байгуулах Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Б.Энх-Амгаланд олгохоор болов.