Сарангэрэл.Д 2019.05.13 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцин гардуулав

Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцин гардуулав

НҮБ-ын Хүүхдийн сангаас нийлүүлж байгаа 577 мянган хүн тун вакциныг хүлээн авах арга хэмжээ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах дээр боллоо.

Нийт 500 мянган америк долларын үнэ бүхий улаанбурхан, улаануудын эсрэг вакцин, тариур, аюулгүй хайрцгийг хүлээн авах баримт бичигт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч А.Хэйкенс нар гарын үсэг зурлаа.

Энэхүү вакцинаар “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор 2019 оны 5 дугаар сарын 15-25-ны өдөр улсын хэмжээнд зохион байгуулах нэмэлт дархлаажуулалтын үеэр Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 5-18 насны, бусад аймаг, нийслэлийн 10-18 насны хүүхдийг дархлаажуулах юм.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагаа 50 гаруй жилийн баялаг түүхтэй бөгөөд дархлаажуулалтын чанартай үйлчилгээг хүүхэд бүрт хүргэх, товлолын дархлаажуулалтад ДЭМБ-ын шаардлагад нийцсэн чанартай вакциныг хямд үнээр худалдан авах, вакцин биобэлдмэлийн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр хангах, дэгдэлтийн үеийн вакцин, дагалдах хэрэгслээр хангах чиглэлээр хамтран ажиллаж байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ дурьдаад, улаанбурхан өвчний дэгдэлтийн болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед шаардагдах вакцин, тариур, аюулгүй хайрцгийг нийлүүлж байгаад нь талархал илэрхийлэн, цаашид хамтын ажиллагаа улам өргөжүүлэхээ илэрхийллээ.