“Шинэ алхам” арга хэмжээг 5 дахь жилдээ зохион байгууллаа
2019.05.14

“Шинэ алхам” арга хэмжээг 5 дахь жилдээ зохион байгууллаа

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилга дэмжлэгтэйгээр жил бүр зохиож ирсэн “Шинэ алхам-2019” арга хэмжээ өчигдөр тав дахь жилдээ боллоо. Ерөнхий боловсролын сургуулиа төгсч, амьдралдаа нэгэн шинэ алхмыг хийх гэж буй залууст улсын шалгалтаа амжилттай өгөх,  мэргэжлээ зөв сонгож, хүссэн сургуульдаа элсэхэд уг хөтөлбөр томоохон дэмжлэг болдог юм.

Нийслэлийн хамгийн том дүүрэг болох Сонгинохайрханы Ерөнхий боловсролын сургууль төгсч буй 1170 гаруй сурагчийг хамруулсан арга хэмжээг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Х.Нямбаатар, Дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар хамтран зохион байгуулав. Энэ үеэр хүүхэд бүрт уламжлал ёсоор өмнөх 3 жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын тест болон мэргэжлээ хэрхэн зөв сонгох, Монгол Улсад ойрын жилүүдэд ямар мэргэжил илүү эрэлттэй байх, тухайн сонгосон мэргэжлийн ажлын байрны хүрэлцээ хэр байх талаар заавар зөвлөмжийг багтаасан “Шинэ алхам 2019” номыг бэлэглэлээ.

“Шинэ алхам” арга хэмжээний үеэр дүүргийнхээ нийт дунд сургуулиа төгсч буй залууст хандан УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Ирээдүй болсон залуус дүү нар маань их дээд сургууль, мэргэжлээ зөв сонгох чухал шийдвэрийг гаргах гэж байна. Та бүхнийг амьдралын чухал алхам болсон мэргэжлээ, ирээдүйгээ зөв сонгоосой, элсэлтийн шалгалтаа амжилттай өгөөсэй гэж хүсэн өнөөдрийн арга хэмжээг анх санаачлан, жил бүр зохион явуулдаг билээ” гэв.

“Шинэ алхам 2019” арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар харьяа тойргийнхоо шилдэг зургаан сурагчийг өөрийн нэрэмжит шагналаар урамшуулав. Мөн УИХ-ын гишүүн Д.Гарамжав, Х.Нямбаатар болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар сурах үйлсээр хамт олноо тэргүүлсэн сурагчдыг шагнаж урамшууллаа. Арга хэмжээний үеэр хүүхэд залууст зориулсан урлагийн тоглолт болон Монголын шилдэг их сургуулиуд өөрсдийн танилцуулгаа сурагчдад өгч, сонирхсон асуултад нь хариулж байв.