Бүх салбарт үе солигдох хөдөлгөөн харагдаж, итгэл найдвар төрүүлж байна

Бүх салбарт үе солигдох хөдөлгөөн харагдаж, итгэл найдвар төрүүлж байна

Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, сонгуулийн үеийн улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн тогтолцоо, сонгогчдын боловсролын талаар "Нээлттэй нийгэм форум"-ын судлаач Д.Энхцэцэгтэй ярилцлаа.

vip76: Өнөөгийн улс төрийн байдлыг харахад залуу үе хүч түрж, иргэд сонгогчид ч тэдэнд итгэл хүлээлгэх нь илт байна. Энэ байдал шинэ боломжийн эхлэл мөн үү?

- Зөвхөн улс төр ч биш бүх салбарт залуу хүмүүс хүчтэй орж ирж байна. Тэдний ихэнх нь ардчилал, энэ нийгэмд төрж, өссөн залуус байгаа юм. Ингэж хаа хаанаа үе солигдох хөдөлгөөн харагдаж байгаа нь итгэл найдвар төрүүлж байна. Гэхдээ залуус улс төрд ороод хуучин зуршил, улс төр ийм л байдаг гэсэн хандлагуудад автахгүй байх хэрэгтэй. Үүний цаана мөнгөний асуудал яригдана.

Өмнө нь нэг хэсэг нь яаж ийгээд эрх мэдэлтэй болох, дараа нь түүнийгээ ашиглаж мөнгөтэй болох, баяжих гэж л улс төр лүү зүтгэдэг, үүнийг нь хэн хүнгүй шүүмжилдэг ч жирийн үзэгдэл шиг хүлээж авдаг байв. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдөөс хулгайлах үүд хаалга нь улс төр болдог байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Харин сүүлийн үед улс төрд өрнөж буй үйл явдал, яриаг ажиглаад байхад ядаж л хамжааргатай байх ёстой юм байна шүү гэх үг унах болж. Мэдээлэл ил тод болж байна, үүнийг дагаад иргэдийн хяналт ч нэмэгдэж байгаа нь нөлөөлж байна.

Иргэдийн зүгээс тавих шаардлага нь арай өндөрсөөд ирэхээр улс төрчид тэр шаардлагад нийцүүлэн өөрсдийгөө ёс зүйн хувьд арай өөр стандартаар явах ёстой юм байна гэж ойлгон, шинэ хэм хэмжээнүүд цухалзаж эхэлж байна. Улс төрд шинээр орж ирж буй залуусын хувьд энэ эерэг өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, манлайлах  түүхэн боломж нээгдэж байна. Иргэдийн хувьд эрүүл саруул сэтгэж, идэвхтэй байж, үгийг нь сонсож, харилцан ойлголцож, хамт урагшилдаг манлайлдаг тийм улс төрчид л хэрэгтэй цаг үе ирсэн байна.

Өөрөөр хэлбэл, ёс зүйтэй, ардчилалын үнэт зүйлээ гүн ухамсарлаж итгэл үнэмшлээ болгосон, тэдгээрийг хүндэтгэж хамгаалдаг, явцуу популист биш, иргэдээ сонсдог харилцан хүндэтгэдэг тийм улс төрийн соёлыг бий болгоход манлайлж чадах улс төрчид л Монгол Улсыг хөгжүүлэхэд жинхэнэ хувь нэмэр оруулна гэж би боддог.

Нийгмийг ажиглахад улс төрд үл итгэх, талцаж туйлширч хуваагдах сөрөг байдал ажиглагдаж байна. Үүнд улс төрийн соёлын дутагдалтай байдал нөлөөлж байна. Энэ нь улс төрчийн ёс зүйтэй шууд хамаатай асуудал. Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал хүний эрхтэй харшилдсан зүйлүүдийг хээв нэг хийгээд, яриад явж байдаг жишээ өнөөгийн улс төрд олон байна. Эндээс ардчиллын үнэт зүйл чинь хаана байгаа юм, тэрийг хэн хамгаалах юм гэдэг асуудал гарч ирнэ.

Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчимд суурилсан ардчилсан төрийн тогтолцоо бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа юм гэж  бид нар Үндэсний аюулгүй байдлын тухай бодлогын баримт бичигтээ тодорхойлсон байдаг. Тэгэхээр үүнийг гүнээ ухамсарласан, тайлбарлан таниулж, иргэдийн болон сонгогчдын боловсролыг дээшлүүлдэг, манлайлдаг, ажил хэрэг болгодог улс төрчид өнөөдөр Монголд маш олноор хэрэгтэй байна.

Тэгээд дээрээс нь бусдыг сонсох чадвар зайлшгүй чухал гэж би боддог. Одоо үед засаглал, төрийн удирдлага төр-иргэний байнгын тасралтгүй харилцаанд тулгуурлаж байна. Үүнийг ойлгож хэрэгжүүлэх чадвартай,  мэдээллийн эрин үе гэгдэж буй орчин үетэй хөл нийлүүлж урагшлах тийм л чадварлаг улс төрчийг нийгэм, цаг үе шаардаж байна. Манайд тэгэхээр ийм чадвартай улс төрч хэд байдаг билээ. Төрд ийм хүмүүсийг л бэлдэж нийлүүлж чадахгүй бол улс төрийн нам одоо бол тоосонд дарагдаад хоцрохоор болж байгаа юм.

vip76: Бид сонгуулийн тогтолцоогоо хэд хэд сольж үзсэн. Өнгөрсөн УИХ-ын сонгууль мажоритар буюу жижиг тойрогт нэр дэвшигчид өрсөлдөж хамгийн их санал авсан нь ялалт байгуулсан. Энэ тогтолцоо таны хэлээд байгаа байнгын харилцаатай, иргэдээ сонсдог, сонгогчидтойгоо ойр байж чадах улс төрчдийг гаргаж ирэх юм биш үү?

- Яг манай энэ тогтолцоонд сонгуулийн үр дүн сонгогчдын саналыг бүрэн тусгаж илэрхийлж чаддаггүй. Жишээлбэл, та бид хоёр 30 хүнтэй тойрогт өрсөлдөхөд 16 хүний санал авчихвал та намайг ялж болно. Угтаа бол 1 л хүний саналаар сонгуулийн үр дүн шийдэгдэж байна. Үүний цаана намайг дэмжсэн 14 хүний санал гээгдэж байна.  Дээрээс нь нэг том дутагдалтай тал нь сонгуулийн тухайн тойрогт хувь хүний тоглолт түлхүү явагдах байдал ажиглагддаг. Уг нь бол манайд нэр дэвшигч сонгууль болохоор намын мөрийн хөтөлбөрөөс өөр мөрийн хөтөлбөртэй байхгүй гэж хуульд заасан.

Цаад санаа нь нам хамтдаа бодлогоо тодорхойлоод, түүгээрээ сонгуульд өрсөлдөөд, сонгуулийн дараа улс орныг нэгдсэн  бодлогоор удирдах ёстой гээд байгаа юм.

Гэтэл яг бодит байдал дээрээ үүнийг хэрэгжүүлдэг нэр дэвшигчид цөөн байдаг. Тэнд хувийн тоглолт маш их явдаг. Тэрэнтэй холбоотой одоогийн энэ тогтолцоог шүүмжилдэг хүмүүсийн хамгийн их ярьдаг зүйл нь жалга довны үзлийг их дэвэргэж байна гэх байр суурь. Энэ бол улс төрийн соёл, улс төрийн намуудын төлөвшилтэй шууд холбоотой. Жишээлбэл, Канадад манайхтай адилхан л олонхийн буюу мажоритари систем байдаг. Гэхдээ улс төрийн намуудын хөгжил нь манайхаас өөр болохоор манайд илрээд байгаа дутагдалтай зүйлүүд ажиглагддаггүй. Манайд жишээ нь сонгуулиаар жижиг тойргуудад санал худалдан авах арга хэрэглэдэг. Ийм нөхцөлд одоогийн тогтолцоо манайд яг тохирох тогтолцоо биш гэж би боддог.

vip76: Улс төрийн нам нэрсийн жагсаалт гаргах нь өнөөгийн “бялуу хуваах” гэх ойлголтыг бий болгосон. Нэр дэвшигчид жагсаалтад орохын тулд намдаа хандив өргөх, эргээд албан тушаал горилох нь тогтолцооны алдаа юу? улс төрийн намын соёлтой холбоотой юу?

- Энэ бол ерөөсөө сонгуулийн тогтолцооны асуудал огт биш. Улс төрийн намын санхүүжилтын асуудал юм. Ардчилалд шилжиж сонгуулийн тогтолцоогоо янз бүрээр өөрчилж туршиж ирсэн жилүүдэд бид улс төрийн намын санхүүжилтын асуудлаа огт шийдээгүй орхичихсон.

Сонгуулиар төрийн эрх барих, улс орныг удирдан жолоодох онцгой их эрхийг намуудад найдаж атгуулдаг хэр нь хаанаас санхүүждэг вэ гэдгийг нь өнөөг хүртэл хянаж байгаа тогтолцоо Монгол Улсад байхгүй.

Улс төрийн нам бол сонгуулиар дамжуулж төрийн эрх барьдаг төлөөллийн ардчиллын чухал үүрэгтэй институци мөн боловч нөгөө талаар энэ бол байгууллага юм. Байгууллага гэсэн утгаараа өөрийн гэсэн тодорхой зардал бий. Тиймээс намууд аль нэг эх үүсвэрээс санхүүжих нь гарцаагүй. Гагцхүү энэ нь нам ашиг сонирхлын зөрчил, авлигад өртөх нөхцөлийг үүсгэхгүй байх нь чухал. Олон улсад улс төрийн нам нь төрөөс дэмжлэг авдаг практик нэлээд байна. Түүнчлэн жижиг хандиваар санхүүжих янз бүрийн хөшүүргийг бас ашиглаж байна.

Харин манай улсад намуудын санхүүжилт хувийн хэвшил, хөрөнгө мөнгөтэй хувь хүний халааснаас гарч байгаа нь нууц биш. Энэ нь эргээд авлигыг нөхцөлдүүлж байгааг олон судалгаа нотолж байна. Намууд жижиг хандивлагчидаас хандив босгож байгаа практик байхгүй байна. Хуучин зуршлаараа, мэддэг аргаа ашиглаад хамгийн хялбар аргаар хурдан мөнгө босгоод сонгуульдаа цацдаг. Бусад улсуудад байдаг шиг сонгогчидтой өдөр бүр бодлогоо ярьж таниулж, тулж ажиллан дэмжлэг авахаар зүтгэж байгаа нам харагддаггүй.

vip76: Өнгөрсөн хугацаанд Монгол Улс сонгуулийн тогтолцоогоо л яриад хуулиа өөрчлөөд байсан ч улс төрийн намуудын төлөвшил, санхүүжилт зэрэг асуудлыг орхигдуулсан гэж ойлгож байна. Тиймээс өнөөгийн улс төрийн соёл гэх элдэв хандлагууд бий болсон гэж ойлгож болох уу?

- Яг тийм. Улс төрийн намаа институцийн хувьд яаж хөгжүүлж төлөвшүүлэх вэ гэдэг чухал асуудлаа орхигдуулсаар өнөөг хүрлээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа улс төрийн намын тухай хууль 1990-ээд оны дундуур батлагдсан. Энэ хуулийн дагуу улс төрийн намууд нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлж буй хэлбэр байх юм гэдэг  ерөнхий зарчим хуульчлагдсан. Гэтэл сонгуулиар онцгой эрх олж авч буй онцлогтой нь уялдуулж хариуцлага нь ямар байхыг хуульчлаагүй орхигдуулсан.

Тухайлбал, намын санхүүжилтийг 2-3-хан заалтаар зохицуулдаг. Олон улсад улс төрийн намын санхүүжилтийн талаар бие даасан, бүтэн хууль бий. Яагаад гэвэл нам нь зүгээр нэг эвлэлдэн нэгдсэн хэсэг хүмүүсийн байгууллагаас өөр. Жишээлбэл, Канадад намыг “Сонгуульд оролцож төрийн эрх барих зорилгоор эвлэлдэн нэгдэж байгаа хүмүүсийн байгууллага” гэж тодорхойлдог. Тэгээд намыг ямар байгууллага, ямар шаардлага хангасан нөхцөлд бүртгэх вэ? Санхүүжилтийн тогтолцоо нь ямар байх вэ? Хэн хянах вэ? Ямар нөхцөлд бүртгэлээс хасах вэ гэх мэт олон асуудлыг уялдаатай зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэр нэг талаас эвлэлдэн нэгдэх эрхийг нь ч хамгаалаад, нөгөө талаас нам хариуцлагатай байх тал руу нь шахаж байгаа юм. Ийм нарийвчилсан зохицуулалт Монголд байхгүй.  

vip76: Намууд энэ байдлаараа яваад үр дүнгүй гэдгийг мэдэрсэн. Тиймээс намын шинэчлэл, иргэд, дэмжигчдийн санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах болжээ. Өнөөдрийн улс төрийн намууд өөрсдөө, дотроосоо өөрчлөгдөж, шинэчилэгдэх боломжтой юу?

- Түрүүн хоёулаа ярилцсан. Салбар салбарт залуу үе түрэн орж ирж байна. Намыг нэг цул зүйл шиг төсөөлж бодох нь өрөөсгөл. Дотроо янз бүрийн үзэл бодолтой хүмүүс, үүн дотор шинэчлэл хийхийг хүсдэг хэсэг бүлэг байгаа гэдгийг үгүйсгэх ёсгүй. Тэдэнд яаж боломжийг нь олгох вэ гэдэг нь гол асуудал. Сонгууль болоход хэн мөнгөтэй нь илүү боломж олдоод, чадалтай мэдлэгтэй заримд нь санхүүгийн чадавхи, бэл бэнчин нь хүрэхгүй байна.

Мөнгө бол улс төрийн намын сонгуульд нэр дэвшүүлэхэд тавигддаг хамгийн эхний шаардлага болсон. Үүнийг л засаж байж эрүүл саруул өрсөлдөөнөөр жинхэнэ чадвартай хүмүүс гарч ирэх нөхцөл бүрдэнэ.

vip76: Улс төрч гэж ямар хүн байх талаар ярилцая. Таны бодлоор?

- Улс төр, бизнес хоёрын зааг харагдахгүй, дээр нь томоохон авлигын асуудал ар араасаа цуварч нийгэмд шуугиан дэгдээгээд байгаа нөхцөлд  иргэдийн хувьд  улс төрд итгэх итгэл, намд итгэх итгэл нь буураад байна. Энэ дунд шударга, улс төрийн соёлтой, чадвартай хүмүүс байгаа нь гарцаагүй. Энэ хүмүүстээ л боломж нээж өгч байж иргэдийн итгэлийг сэргээж авна.

vip76: Монгол Улсад нийгэм, эдийн засгийн асуудлыг хариуцсан тодорхой бүтэц, байгууллагууд бий. Үүнтэй адилхан улс төрийн намын асуудлыг хариуцдаг, санхүүжилтэнд нь анхаарал тавьдаг бие даасан байгууллага ажиллаж болох уу?

- Олон улсад дөрвөн хандлага ажиглагдаж байна. Дэлхийн ардчилсан улсуудын 30 гаруй хувьд нь намын санхүүжилтийн хяналтыг Сонгуулийн төв байгууллага буюу Сонгуулийн ерөнхий хороо нь хариуцдаг. Хуучин социалист орнуудад бол аудитын байгууллага нь хянах практик түлхүү ажиглагддаг. Xараат бус төрийн албатай Швед гэх мэт улсуудад гүйцэтгэх засаглалын аль нэг байгууллага, үүнд Хууль зүйн яам, Сангийн яамны нэг хэлтэс нь хянаад явж байна.

Харин манайд бол улс төрийн намын санхүүжилтийг бүрэн хариуцаж, хянадаг байгууллага алга.

vip76: Та ярилцлагын эхэнд үе солигдох хөдөлгөөн бүх салбарт харагдаж эхэллээ гэсэн. Одоогийн парламент хамгийн олон залуу улс төрч сонгогдсон. Энэ байдал дараагийн сонгуулиар үргэлжлэх болов уу?

- Улс төрд шинээр хүчээ авч буй залуучуудын хувьд хамгийн чухал нь үзэл бодол, үнэт зүйлээрээ нэгдсэн дэмжих хүч ард нь байгаа эсэх асуудал.  Тийм дэмжлэг хэр бодитой, хүчтэй байгаагаас шалтгаалж улс төрд хэр удаан, хэр амжилттай манлайлах вэ гэдэг нь харагдах ёстой.

Онолын хувьд манлайлагчийн ард заавал дагалдагч буюу дэмжигчид байх ёстой, тэд түр зуурын юмуу хийсвэр материаллаг холбоосоор биш итгэл үнэмшил, үнэт зүйлийн хувьд нэгдмэл байж удаан хугацаанд тогтвортой хүчээ авах манлайлагчдыг төрүүлнэ.

Угаасаа  ажиглаад байхад цор ганц тоглогч Монголын улс төрд нэг хэсэг цойлж тодрох үзэгдэл гардаг ч аль ч цаг үед уддаггүй. Одоогоор бол улс төрийн шинэ үеийнхэний ард хэн байгаа нь бид нарт тодорхой харагдахгүй байна гэж би хэлнэ.

vip76: Таныхаар үе солигдох шинж нь юу вэ?

Бид өнгөрөгч жилээс эхлэн намуудын залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөллийг  оролцуулж, ойр ойрхон хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Өмнө нь намуудтай тэр бүр ойр ярилцаж ажиллаж байгаагүй. Энэ хүмүүсийн байр суурийг сонсохоор бид нар нам гэдэг нэг хаягтай хайрцагт бүгдийг нь хийчихээд  шүүмжлээд байх нь өрөөсгөл юм гэж бодох болсон. Харин тэр дотор байгаа янз бүрийн чадвартай, үзэл бодолтой хүмүүст тэгш өрсөлдөх, өөрсдийгээ таниулах боломж олгох талаас нь ярих нь илүү бүтээлч бөгөөд зөв юм байна гэж ойлгосон.

6/12Ийм боломжийг хэрхэн олгох тухай ярихаар өнөө л улс төрийн намын санхүүжилтийн асуудал дээр эргээд буудаг. Манайд байгаа систем мөнгөтэйд нь илүү боломж олгодог. Мөнгөгүй нь орхигддог. Ардчиллыг арилжааны хэлбэрт оруулж мөнгөөр хэмжих нь маш буруу. Намын анхан шатны байгууллагууд жинхэнэ сонгогчидтой тулж ажилладаг, намынхаа явуулж буй бодлогыг таниулж сурталчилдаг, иргэдийн санал бодлыг нь судалдаг, намдаа дамжуулдаг гол судас байх ёстой. Гэтэл ингэж ажилладаггүй.

Сонгогчдод бэлэг тараагаад байгаагаа ажлаа хийгээд байна гэж боддог. Эндээс яаж бодлогын нам гарах юм.  

Үүнийг өөрчлөх улс төрийн хүсэл зориг гарахгүй байна. Хуучин арга барилаа “энэ л улс төр юм” гэдэг буруу ойлгодог, тэр муу зуршилдаа шинэ үеэ чирээд уруу татчих вий.

vip76: Үндсэн хуулиа өөрчлөх нь тодорхой боллоо. Үндсэн хууль бол Ардчиллыг хамгаалж байгаа зүйл гэж хардаг. Уг хуульд өөрчлөлт оруулах цаг хугацаа нь одоо мөн үү?

- Үндсэн хуулийн шинэчлэлтэй холбоотой яригдаад байгаа гол асуудлын нэг нь төрийн эрх мэдлийн хувиарлалт. Бид өөрсдийгөө парламентын засаглалтай улс гэж яриад бодоод байдаг ч гадны судлаачид хагас ерөнхийлөгчийн засаглалтай гэж дүгнэдэг. Ингэж дүгнэх үндэслэл ч бас байна гэж боддог. Үүнтэй уялдуулаад бас нэг зайлшгүй авч үзэх ёстой асуудал бол төрийн эрх мэдлийн салаа мөчрүүдийн хоорондын хяналт, тэнцлийн асуудал юм.

Ярилцсанд баярлалаа.

Зочин

ННФ-ын судлаач Д.Энхцэцэг