БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан баруун аймгуудад ажиллаж байна
2019.05.11

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан баруун аймгуудад ажиллаж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор баруун аймгуудад ажиллаж байна. Тэрээр, өчигдөр Завхан аймгийн Их уул, Тосонцэнгэл суманд ажиллалаа.

Их-Уул суманд баригдаж буй Соёлын төвийн барилга угсралтын ажлын явцтай газар дээр нь танилцаж, барилга угсралтын ажлыг 2019 оны 8 дугаар сарын 01 гэхэд дуусгаж, ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч “Харгант” ХХК болон аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга С.Ганчимэг, сумын удирдлагуудад үүрэг болголоо.

Тус суманд баригдаж байгаа 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажилтай мөн газар дээр нь танилцлаа. Сургуулийн барилга 2018 онд ашиглалтад орох ёстой байсан боловч нэмэлт ажлууд гарсны улмаас гэрээт хугацаандаа ашиглалтад ороогүй байна. Төрийн нарийн бичгийн даргын зүгээс тус ажилд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, засгийн газрын тогтоол гаргуулахаар ажиллаж байна. Тиймээс гүйцэтгэгч “РСТ” ХХК өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан ажлаа шуурхайлж, энэ оны наймдугаар сард дуусган ашиглалтад оруулах чиглэл өглөө.

Тосонцэнгэл суманд 2019 оны улсын төсвийн хөрөнгөөр худалдан авахаар батлагдсан 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын явцтай мөн газар дээр танилцлаа. Барилга хөгжлийн төвийн дэд захирал н.Эбран тус цэцэрлэгийн барилгыг норм, дүрэм, стандартын дагуу дахин сайжруулах хэрэгтэйг мэдээллээ. Мөн тус суманд Азийн хөгжлийн банкны” Баруун бүсийн сургуулийн дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах төслийн” санхүүжилтээр хэрэгжсэн 2 дугаар сургуулийн дотуур байрны үйл ажиллагаатай танилцсан юм.

Тосонцэнгэл сумын Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр үүссэн нөхцөл байдлыг аймаг орон нутаг, яам хамтран шийдвэрлэх ёстойг эрхлэгч н.Гончигсүрэн мэдээллээ. Соёл урлагийн байгууллагын үйл ажиллагааны орлогыг орон нутагт шилжүүлсэнтэй холбогдуулан дотоод нөөц бололцоо менежментээ сайжруулан шийдвэрлэх, санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо.

Барилгын ажил гүйцэтгэж байгаа компаниуд, ялангуяа орон нутгийн компаниуд сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл гарган ажиллаж хүүхдэд зориулагдсан сургууль, цэцэрлэгийн барилгад эцэг эхийн сэтгэлээр хандаж, орчны аюулгүй байдалд давхар анхааран чанартай шуурхай гүйцэтгэхийг Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан очсон газар бүртээ онцгойлон санууллаа. Тэрээр хөрөнгө оруулалтын ажилтай танилцаад зогсохгүй, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, соёлын төвийн эрхлэгч нартай уулзалт хийж, багшийн ёс зүй, хүүхэд хамгаалал, аюулгүй орчны талаар зөвлөгөө чиглэл өгч ажиллалаа.