Б.Энх-Амгалан 2019.05.14 | Монголын үнэн

Б.Энх-Амгалан: Ханги-Мандал боомт байгуулна

Б.Энх-Амгалан: Ханги-Мандал боомт байгуулна

Манай улсын талаас Ханги-Мандал боомт байгуулах саналаа БНХАУ-ын талд тавьжээ. Тодруулбал, манай улсын Ерөнхийлөгч өнгөрсөн сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн.

Үүний хүрээнд зам тээврийн салбарт хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллахаар болсон юм.

Энэ үеэр дээрх боомтыг байгуулах саналтай байгаагаа Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан илэрхийлсэн байна.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд зам тээврийн салбартай холбоотой гурван том, чухал бичиг баримтад гарын үсэг зурсан. Налайх-Улаанбаатар хотын хооронд барих 20.9 км авто замын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, хоёрдахь нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд “Авто замын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай протокол’’ байлаа. Гуравдугаарт, "Төмөр замын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээллийг солилцох тухай хэлэлцээр” байв. БНХАУ-ын талаас, Монгол Улсын барааг Замын-Үүд-Эрээн боомтоор дамжуулан улмаар Хятадын нутаг дэвсгэрээр далайн боомт хүртэл төмөр замаар тээвэрлэхэд 50 хувийн хөнгөлөлт олгохоор болсноо Хятадын Төмөр замын ерөнхий компаниас албан бичгээр мэдэгдээд байна. Түүнчлэн Монгол Улс БНХАУ хоорондын төмөр замын тээврийн асуудал хүндрэлтэй байгаа. Эрээн боомтын хүлээн авах хүчин чадап хүрэлцэхгүй байна. Өдөрт 12 галт тэрэг авч, манай талаас зам дээр 4000 вагон зогсч байна. Тиймээс галт тэрэг хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх Эрээн- Жининий хоорондох замын ачааллыг хөрвүүлэх, дамжинөнгөрүүлэх транзит тээврийн ачааплыг бууруулах талаар нарийвчлан ярилцсан. Энэ тухайд Хятадын сайд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдсэн” гэлээ. Мөн Эрээн боомтын ачааллыг бууруулах зорилгоор Ханги-Мандал боомтыг байгуулах саналыг манай талаас тавьсан бөгөөд Эрээн чиглэлээр чингэлэг, вагон тээвэрлэлтээ явуулаад, Ханги-Мандал боомтоор нуранги ачаа, төмрийн хүдэр, нүүрс, зэсийн баяжмалаа зөөхөд маш хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Ханги-Мандал боомтоос 130 км-ын цаана гол хэрэглэгч болох Бугатын төмөрлөгийн үйлдвэр бий. Жилд таван сая тонн төмрийн хүдэр, зургаан сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг. Цааш дамжаад бусад боомтод очиж гурван бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргах боломж байгааг онцоллоо.