У.Хүрэлсүх С.Бямбацогт 2019.05.15 | Montsame.mn

“Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж”-ийн барилгын ажил 30 хувьтай байна

“Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж”-ийн барилгын ажил 30 хувьтай байна

Ховд аймагт “Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж” барьж байна.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан  ажлын хэсэг  тус байгууламжийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.

Ховд аймаг жилд 22,4 мянган тн мах, 6000 тн сүү, 1,720,6 тн ноос, 617,6 тн ноолуур, 20,7 мянган ширхэг үхрийн шир, 180.0 мянган ширхэг ямааны арьс, 140.0 мянган ширхэг хонины нэхийг зах зээлд нийлүүлж байна. Тиймээс орон нутагтаа  үйлдвэрлэл байгуулан хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор уг ажлыг эхлүүлжээ.

Тус байгууламжийг нийт 5.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Саруул цамхаг” ХХК шалгарч, гэрээний дагуу 2018 оны аравдугаар сард ажлаа эхэлжээ. Цаашид 2020 оны тавдугаар сард бүрэн ашиглалтад оруулж,  хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хоногт 1500 м3 бохир усанд механик, химийн болон биологийн цэвэршүүлэлт хийх хүчин чадалтай тус байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл, барилга угсралтын ажил одоогоор 30 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж барьсанаар Ховд аймаг төдийгүй баруун аймгуудийн малын гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийх, улмаар ноос, ноолуур, өлөн гэдэс угаах, сүү, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барьж, үйлдвэрлэл технологийн парк байгуулах суурь тавигдах юм. Үүнийг дагаад ажлын байр олноор бий болно гэж албаныхан үзэж байна.

2012 оноос хойш яригдаж хөрөнгө оруулалт нь он дамжин хийж буй цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг “Сант” ХХК гэрээний дагуу 1,2 тэрбум төгрөгийн өртгөөр нийлүүлж, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, ХХААГ-т  хүлээлгэн өгчээ.