Б.Энх-Амгалан 2019.05.15 | MNB.MN

Аугаа их “Ялалтын баяр”-аар Монголын нэрийг дуурсгахад зам тээврийн салбарынхан тусалжээ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилгаар Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж анх удаа зохион байгуулсан "Болор одод" найрал дууны улсын анхдугаар уралдаанд СУИС-ийн дэргэдэх лицей сургуулийн найрал дууны “Бадмаараг” хамтлаг түрүүлж, үндэсний ялагч болсон. Тэгвэл тус хамтлагийн найрал дуучид болон бяцхан дуучин Э.Энгүүнбат нар энэ сарын 9-нд буюу аугаа их Ялалтын баяраар ОХУ-ын нийслэл Москва хотын алдарт Улаан талбайд болсон баярын тоглолтод оролцож, ая дуугаа өргөсөн.

Ийн дэлхийд тэргүүлэгч орны аугаа их Ялалтын баяраар Монголын хүүхдүүд тус улсад зочилж, ая дуугаа өргөсөн нь нэр төрийн хэрэг болсон.

Өргөн бүрэлдэхүүнтэй найрал дууны хамтлаг Улаанбаатар хотоос ОХУ-ын нийслэл рүү 5916 км замыг туулан бүрэн бүрэлдэхүүнээрээ очно гэдэг амаргүй.  Учир нь хүүхдийн найрал дууны хамтлаг гэлтгүй урлагийн төлөөлөлд ч олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй аливаа үйл ажиллагаанд оролцоход хөрөнгө, санхүүгийн бэрхшээл байнга тулгардаг. Харин 50-60 хүний бүрэлдэхүүнтэй найрал дууны хамтлагийг дэлхийн хэмжээний үйл ажиллагаанд оролцоход зам тээврийн салбар, тэр тусмаа Улаанбаатар төмөр зам, МИАТ компани ихээхэн дэмжлэг үзүүлжээ.

Энэ талаар найрал дууны хамтлагийг удирдаж явсан багийнхан “Өргөн бүрэлдэхүүнтэй хойд хөршийг зориход зөвхөн замын зардалд ямар хэмжээний мөнгө орох вэ гээд бодохоор энэ том арга хэмжээнд оролцож, Монгол Улсын нэрийг дуурсгах тухай ярилтгүй. Тиймээс урлагийг дэмждэг, эх орон, аугаа их ялалтын үнэ цэнийг хойч үедээ мэдрүүлэх, олон улсын тавцанд улсаа сурталчлах том арга хэмжээнд оролцоход дэмжсэн эрхмүүд, тэр тусмаа Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд талархал илэрхийлье” гэжээ.