Л.Болд 2019.05.15 | Өдрийн сонин

Л.Болд: Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн нь Монголын төрд хэзээ ч давтагдах ёсгүй зүйл боллоо

Л.Болд: Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн нь Монголын төрд хэзээ ч давтагдах ёсгүй зүйл боллоо

Өдрийн сонин, Сэтгүүлч О.Ариунцэцэг

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Та Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаярын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, С.Зоригийн хэргийг замхруулсан гэсэн. Харин дэд сайд асан Б.Энхбаяр “Засгийн газрын өргөн барьсан төсөлд тийм зүйл байгаагүй. Хөөн хэлэлцэх хугацааг гишүүд өөрчилж, хуулийг баталсан” гэж буй. Та өөрчлөөд, баталчихсан юм биш үү?

-Аливаа хуулийг гардаж хийж байгаа нь мэргэжлийн ажлын хэсэг байдаг. Уг дэд ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд ахалж, мөн Дээд шүүхийн хоёр шүүгч, Улсын ерөнхий прокурорын орлогч зэрэг хүмүүс орж ажилласан. Ер нь бол дэд ажлын хэсэг нь хуулийг хийдэг. Тэр ажлын хэсэг тухайн хуулиа УИХ-ын өмнө хариуцдаг. Гишүүдийн асуултад тэд хариулдаг. Дээрээс нь УИХ-ын гишүүдийн ажлын хэсэг гардаг. Уг ажлын хэсэгт Х.Нямбаатар гишүүн болон миний бие орсон. Энэхүү ажлын хэсэг нь гишүүдээс гарч буй албан ёсны саналыг хэлэлцээд хуульдаа тусгах, үгүйг нь шийддэг. Улмаар байнгын хороон дээр санал хурааж шийддэг юм. Хуульд аливаа хийдэл, буруу зөрүү зүйл орсон бол мэргэжлийн ажлын хэсэг хамгийн эхэнд хариуцна. Энэ хуульд орсон өөрчлөлтүүд нь ийм үр дагавартай шүү гэдгийг хэлэх ёстой. Гэтэл Засгийн газраас өргөн бариагүй, УИХ-ын ажлын хэсэг дээр яригдаагүй асуудлыг дэд ажлын хэсэг байнгын хороон дээр хөтлөөд, хариулаад, боловсруулж өгөөд, хулгайгаар УИХ-аар батлуулаад явчихсан. Үүнийг л би хэлээд байгаа юм. С.Зоригийн хэргийн асуудлыг судлаад явж байхдаа хуульд тэрхүү өөрчлөлтийг шургуулчихсаныг мэдсэн.

-Хуулийг баталж байх үед нь та энэ зүйлийг хэлж болоогүй юм уу?

-Хүний эрх ярьж байгаад л бидний саналыг авчих. Цаад зорилго нь авлига, албан тушаалын хэргүүдийг хаацайлах, С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах байж. Ийм зорилготой хуулийн хулгай явчихаж. Тэр үед чуулганы нэгдсэн хуралдаан дээр Д.Лүндээжанцан гишүүн “Энэ маш үр дагавартай хууль шүү.

Ямар хэргүүдэд яаж нөлөөлөх вэ” гэх зэргээр мэргэжлийн зүйлүүдийг ярьж байсан байна. Ер нь ч тэгээд энэ хуулийг хэлэлцэхэд хэний ч саналыг авахгүй, тулгаад л, явц дундын нэг санал хураалт болгоод л явуулчихсан. Хуулийн хариуцлагагүй санал хураалтууд явагддагтай л адил юм болсон. Харин энэ үед ажлын дэд хэсгийг ахалсан Б.Энхбаяр алчуураа гаргаж шидэх ёстой байсан юм. Дээд шүүхийн шүүгчид, прокурорын орлогч ч мөн адил юу болоод байгаа талаар тайлбарлаж болох байсан. Гэтэл таг чиг байж. Ганцхан Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч “Ш.раднаасэд гишүүний тавьж байгаа асуудал зөв байна. Нэг жилийн ялтай хүн бүх насаараа яллагдагч болох гээд байгаа. Үүнийг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд өөрчлөлт оруулснаар шийдэж болно” гэх зүйлийг ярьсан. Хүмүүс ч итгэсэн. Мэргэжлийн хүмүүст, мэргэжлийн ажлын хэсэгт л хүмүүс итгэдэг юм шүү дээ. Тэд бусдыг хөтөлсөн байна. Харин үр дагавар нь өнөөдөр гарч байна. УИХ дээр хуулийн хулгай их гардаг л даа. Түүхэнд олон тохиолдол бий.

-Энэ хуулийн өөрчлөлт хэнд ашигтай байв. О.Баасанхүү гишүүн бол танд ашигтай байсан гээд байгаа шүү дээ.

-Надад яагаад ашигтай байдаг билээ.

-О.Баасанхүү гишүүн таныг “Хэргүүдийнх нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас ингэж шударга дүрд тоглож байна” гэсэн байна лээ.

-Намайг таван жил хонгилоороо оруулаад төрснөөс хойших бүх зүйлийг минь шалгачихсан. АТГ, ТЕГ-ын дарга, бүрэн эрх мэдлийг барьчихсан хонгил намайг нэг бүрчлэн шалгасан. Солонгосын гүтгэлгээс өөр юу ч олоогүй. Тэр нь гурван шатны шүүхээр гүтгэлэг гэдэг нь тогтоогдчихсон. О.Баасанхүү гишүүн дахиад шалгаж байгаа юм гэсэн. Дахиад шалгаасай. О.Баасанхүү гишүүн надтай холбоотой бүх материалыг өг гээд л АТГ гэх мэт байгууллагууд руу дарамталж ярьж байгаа сурагтай байна лээ. Үүнийг би маш зөв гэж бодож байгаа. О.Баасанхүүд их баярлаж байна. Миний нэрийг цэвэрлэж өгөх хамгийн сүүлийн хүн нь О.Баасанхүү байх нь.

Ер нь энэ хуулийн өөрчлөлтийн ард би олон зүйлийг хардаж байгаа. Эрдэнэтийн асуудлаас эхлээд 23 том хэрэг бий. Энэ хэргүүдтэй уяж үзэж байна. Хамгийн гол нь С.Зоригийн хэргийг гэм зэмгүй хүмүүст ял тулгаж шийдчихээд, захиалагч, хамжсан тусалсан, энэ бүхнийг булзааруулсан хүмүүсийг илрүүлэхээс зайлсхийж буй хэрэг. Үүнд их олон хүний сонирхол нийлсэн гэж харж байна. Мөн дээрээс Байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч зэрэг нь шинэ гишүүдийг хөтлөөд, өөр юм ярьж байгаад өнөөх санаагаа шургуулчихсан. Гэхдээ хөвөнд боочихсон чулуу байсныг өнөөдөр л ойлгож байгаа. Миний хувьд энэ асуудлыг нэг жилийн өмнөөс л ярьсан. Огт тоохгүй байсан.

-Хөөн хэлэлцэх хугацаанд буцаан өөрчлөлт хийх үү?

-Байнгын хороон дээр тусгайлан шалгаж байгаа. Өргөн баригдаагүй, ажлын хэсгээр яригдаагүй учир энэ бол хууль бус хууль юм. УИХ ч гэсэн алдаагаа засаад хүчингүй болгочих хэрэгтэй. Угтаа бол энэ бүхнийг эрүүгийн хэрэг нээж шалгах ёстой. УИХ-ыг төөрөгдүүлж, хулгай луйврыг хаацайлж байгаа асуудал бол тоглоом биш. Монголын төрд хэзээ ч давтагдах ёсгүй зүйлийн нэг. Үүний цаана ял завшсан хүмүүс энэ бүхнийг зохион байгуулсныхаа төлөө ял хүлээх ёстой.

-Таныг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга байх үедээ байгууллагадаа төсвийн мөнгөөр машин авахаар бол “Бодь авто”-оосоо, үүдний харуулаа ч “Бодь секьюрити”-гээсээ гаргаж, гэрээ хийдэг байсан талаар дэд сайд асан Б.Энхбаяр хэлсэн. Энэ үнэн үү?

-Ингэж л гүтгээд байгаа юм. Шүүхдэлцдэг л байх даа. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байсан хүн ингэж ярьж байхаар мэргэжлээ сольсон нь дээр. Энэ бол гутамшиг. Ичиж үхмээр юм. Өөрийгөө УИХ-д нэр дэвших гэж байна гэж бодоод том, том юм яриад байх шиг байна. Эцэст нь ярьсан зүйлдээ бантаад сүйрч байх шиг байна л даа. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд хүн бүх хуулийг хэрэгжүүлдэг. Тийм байж миний гэмт хэрэг хийснийг мэдсэн гээд байгаа юм бол өнөөдөр хэлж байгаагаараа мань эр гэмт хэрэгтэн болох биш үү. Албан тушаалаараа олж авсан мэдээллээ өнөөдөр илчилж байгаа нь ч гэмт хэрэг. Тиймээс энэ хэргүүдийн үнэн мөнийг тогтоох хэрэгтэй. Энэ бол хамгийн инээдтэй асуудал. Одоо ийм юм болгонтой зууралдаад байх маш залхуутай асуудал л даа. Тэрнээс ч айхавтар хэрэгт нь гүтгэгдээд гурван шатны шүүхээр орж яллаа шүү дээ.

-Түр хороо эрүүдэн шүүсэн нийт зургаан өдрийн бичлэгийг үзнэ гэсэн үү?

-Түр хорооны ойрын үед хийх ажлын цар хүрээ маш тодорхой болсон. Эхний ажил маш сайн үр дүнтэй байгаа. Энэ хэрэгт хилсээр шийтгэгдсэн гэж үзэж байгаа Содномдаржаа, Чимэгээ нарыг суллах, хүний эрхийг хангах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон. Эрүүдэн шүүсэн асуудлаар Хүний эрхийн Үндэсний комиссын дүгнэлтийг гаргуулсан. Эрүүдэн шүүсэн гэдэг нь хүний эрхийн байгууллагаар нотлогдчихлоо, Хууль зүйн байнгын хорооноос энэ дагуу эрхийг нь хангах арга хэмжээ ав гэсэн албан ёсны шийдвэр гарчихлаа. Одоо энэ асуудал Засгийн газар, хууль шүүхийн байгууллагаар үргэлжлээд явна. Энэ бол түр хорооны хийх нэн тэргүүний ажил юм. Улмаар Содномдаржаа, Чимэгээ нарын өмгөөлөгчтэй уулзаж, хуулийн байгууллагуудаас мэдээллийг нь сонсоно. Хамгийн гол нь дэлгэрэнгүй бичлэгүүдийг үзэх юм. Нууцын зэрэглэлд байх 70 хуудас материал, 70 минутын бичлэг бий юм билээ. Эдгээрийг ажлын хэсгийн хүрээнд үзэх ажлыг энэ долоо хоногт зохион байгуулна.

-“Шинэ нам” байгуулагдсан. Нийгэм та бүхнийг эерэг, сөрөг гээд янз бүрийн байдлаар л хүлээж авч байна. Намынхаа болон шинэ гишүүнийхээ тухай яриач?

-УИХ-ын гишүүнийг улс төрийн намын гишүүнчлэлгүй болгох нөхцөл бүрдүүлсэн. Бид олон жил гишүүнээр нь байж, намаа дэмжин хэдэнтээ суудалтай болгож байлаа. Намын гишүүнчлэлээсээ хасна гэдэг бол улс төрийн замналаа дуусга гэсэн үг л дээ. Гэхдээ дүнг нь сонгогчид л тавина. Тиймдээ ч бид хуулиар хүлээсэн үүрэг, өөрсдийнхөө улс төрийн үйл ажиллагааг үргэлжлүүлж сонгогчдодоо тайлангаа тавьж, дүнгээ тавиулах ёстой. Энэ хүрээнд МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдлийн байгууллагууд, иргэд, тэмцэгчид тавьсан зорилгоо ажил хэрэг болгохын төлөө улс төрийн цоо шинэ хүчин зохион байгуулах ажилд орсон. Үүнийг Ж.Батзандан гишүүн бид хоёр дэмжээд нэгдээд явж байгаа. Мөн С.Жавхлан гишүүн дэмжлээ. Ямартаа ч УИХ-д гурван суудалтай улс төрийн хүчин Монголын түүхэнд анх удаа мэндэлж байна. Үүнийг хэн ч өөрийнхөө өнцгөөр юу гэж ч харж болно. Гэхдээ улс төрийн хууль бол маш хатуу. Тоглоомын дүрэм маш ойлгомжтой. Тодруулбал, сонгууль л байдаг. Бидний тавьж буй зорилт, тэмцэл ард түмний эрх ашиг, сонирхолд нийцэж байгаа бол тэд дэмжинэ. Дэмжихгүй бол бид буруу байж. Ердөө л ийм. Энэ бол улстөрч хүний хувь заяа. Бид маш тодорхой зорилтуудын төлөө тэмцэж байгаа. Баялаг, газраа ард түмэндээ өгөх, нийгэмд шударга ёсны тогтолцоог хэвшүүлэх улс төрийн сонголтын төлөө эцсээ хүртэл явна.

-Шинэ нам ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?

-Эхний ээлжинд хорио цээртэй байсан Баян-Өлгий аймгаас бусад бүх аймгуудаар явчихаад ирлээ. Цаг нь болохоор Баян-Өлгий аймагт ажиллах болно. Энэ долоо хоногт бүх дүүргүүдэд очсон. Бүх, дүүрэг аймагт энэ улс төрийн шинэ хүчний нэгж, бүтэц бий болчихлоо. Өөрийн гэсэн дэмжигчидтэй ч болсон. Харин одоо үндэсний хэмжээний Их хурлаа хийх, Дээд шүүхэд бүртгүүлэх зэрэг ажлууд үлдээд байна.

-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн баталлаа. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжийн эрхийг зөрчсөн явдал боллоо гэж байна. Та энэ хуулийг дэмжиж байгаа юу?

-Дэмжиж байгаа. Захиргааны хэргийн шүүх дээр иргэн хүн очоод ялаад байгаа юм байхгүй. Дандаа хувийн компани ялдаг шүүх шүү дээ. Төр, иргэд үргэлж ялагддаг. Захиргааны шүүхийг шударга шүүдэг болгохын тулд том реформ хийх хэрэгтэй. Харин энэ хуулийн нэмэлт, өөрчлөлт ганцхан зүйлд хамаарч байгаа юм. УИХ-ын шийдвэрийн дагуу гэж л заасан. УИХ-ын шийдвэр бол хууль шүү дээ. Тиймдээ ч хамгийн дээр УИХ байх ёстой биз. Гэтэл УИХ-ын дээр Захиргааны шүүх байгаад байна. Эрдэнэт, Монголросцветмент гээд Монголын баялгийн 60 хувь бүрэлддэг энэ хоёр компанийг өнөөдөр хувьд, хулгайд алдчихсан. УИХ нь хуралдаад энэ бүхэн ард түмнийх байх ёстой, Үндсэн хууль хэрэгжих ёстой гэж үзсэн. Цэц ч УИХ-ын шийдвэр зөв байна гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл Захиргааны хэргийн шүүх өнөөх шийдвэрийг нь үгүйсгэчихэж байгаа юм. Тухайн хувийн компанийх нь ажилтан байсан хүн Захиргааны хэргийн шүүгч болчихсон УИХ болоод Цэцийн шийдвэрийг үгүйсгэсэн. Гурван шатны шүүхийн шийдвэрийг өнөөх хувийн компанийнхаа талд гаргасан. УИХ, Засгийн газар, Цэц хэрэггүй, ганцхан Захиргааны хэргийн шүүхэд өөрийн компанийн ажилтныг хахуулиар тавьчихад болох нь л дээ. Монгол Улсын бүх зүйлийн эзэн нь тэр болчихож байгаа юм.

Ер нь өнөөдөр ямар иргэн Захиргааны шүүхэд хандаад өмч хөрөнгөө олоод авчихсан юм бэ. Тийм юм байхгүй шүү дээ.

Намайг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар очиход агентлаг 60 хэрэг дээр Захиргааны шүүхэд ялагдсан байсан. Бүгд лицензийн маргаан байсан юм. Би ажлаа аваад нэг ч хэрэг дээр ялагдаж үзээгүй. Төрөө төлөөлөөд хуульчдаа оруулахад ялагдахгүй. Харин хүчээр ялагдахдаа хүрвэл хүн нь ирэхгүй байхад, чимээгүй суухад л болдог гэж байгаа юм. Ийм л байгууллага болгочихсон юм аа.