Бямбацогт.С Гарамжав.Ц Л.Мөнхбаатар 2019.05.15 | Vip76.mn

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.15/ хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар даргалсан бөгөөд хэлэлцэх асуудлыг танилцуулах үед Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дээр Ажлын хэсэг дахин ярилцах шаардлагатай байгаа тул хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Ингээд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Гишүүд байр сууриа илэрхийлж санал дүгнэлтээ нэгтгэж байна.

Тус хуулийг  УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны 09 сарын 19-нд өргөн мэдүүлжээ. Анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан.

Нийт 8 бүлэг бүхий хуулийн төслийн зорилго нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим,үндсэн чиглэл, зохион байгуулалт, уул ажил дахь төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог тодорхойлох замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох зорилготой ажээ.

Төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хамрах хүрээ болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улсын болон тодорхой засаг захиргааны нэгжийн хэмжээнд уялдуулан зохицуулах талаархи зохицуулалтыг төсөд тусгасан байна.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаархи Засгийн газар, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нутгийн захиргааны байгууллагууд болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээд, хэвлэл, мэдээллийн оролцооны талаарх зохицуулалтыг тусгажээ.

Уг үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, ял эдэлсэн этгээдийг хянах асуудлыг, энэ төрлийн үйл ажиллагааны санхүүжилтийн талаар болон хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар төсөлд тусгасан байна.

Ингээд Ажлын хэсгээс уг хуулийн төслийн талаарх зарчмын эөрүүтэй 34, найруулгын шинжтэй 3, дагасан хуулийн төслийн талаарх нэг санал гаргасныг томьёолол тус бүрээр санал хураалт явуулсан.  

Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлийн “5.1.8 хуулийн этгээд бүр үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, ажлыг хариуцан зохион байгуулах”, төслийн 30 дугаар зүйлийн “30.1.7.худалдаж байгаа бараа бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил үйлчилгээ нь гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг бүрдүүлэхгүй байх”, төслийн 40 дүгээр зүйлийн “40.5.6 хүний нэр оршин суугаа хаягийг тодруулах зорилгоор бичиг баримтыг шалгах” гэсэн заалтуудыг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн төслийн 25 дугаар зүйлд “25.1.2.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой харилцааг зохицуулсан хэм хэмжээний акт батлах”,  46 дугаар зүйлд “46.5.9 хуульд тогтоомжид заасан бусад”,  48 дугаар зүйлд “ 48.1 Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн зүйл, заалт тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.