Гарамжав.Ц 2019.05.15 | Vip76.mn

Ц.Гарамжав: Дэд бүтцийг хөгжүүлэх бодлого хангалтгүй тусгагдсан байна

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.15/ хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжпийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ. Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан болно.

Дээрх зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна хэмээн тооцсон байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

Энд хангалтгүй тусгагдсан зүйл байна гэж үзэж асуух хэдэн асуулт байна. Хүнд үйлдвэрийн салбарыг цаашид өнгөт металл боловсруулах, хар төмөрлөгөө боловсруулах чиглэлд юу анхаарч ямар ажил хийж байна вэ?

Үйлдвэржилтийн бодлого дээр аж үйлдвэржилт буюу дунд шатны ЖДҮ-г хөгжүүлэх бодлого их чухал байгаа. Ийм олон сая малтай улс орон сааль сүүгээ боловсруулахгүй байна гэдэг асуудал бидэнд одоо үндэснийхээ зан заншил соёл уламжлалаа мартах аюул үүссэн байна гэж харж байна иймээс энэ сүү цагаан идээг боловсруулах үйлдвэрлэх бодлого ямар байгаа вэ?

Монгол улсын дэд бүтцийн асуудал маш их хоцрогдолтой байгаа нь тодорхой байна. Энийг хөгжүүлэх бодлого их хангалтгүй тусгагдсан байна. Дэд бүтэц дээр төр болон хувийн хэвшилийн хамтын ажиллагааны дэмжлэг бодлого алга байна. Дэд бүтэц дээр маш чухал анхаарч хувийн хэвшилийн санал санаачилгыг дэмжиж ажилламаар байна.