Бямбацогт.С 2019.05.15 | Vip76.mn

Зөвшөөрлийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Зөвшөөрлийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.15/ хуралдаанаар УИХ-ын 22 гишүүний өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг танилцууллаа.

Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулах үүднээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан болохыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт дурдав.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 19 чиглэлээр 103 ерөнхий төрөл, энэхүү төрөл нь 210 гаруй дэд төрөлд хуваагдан тусгай зөвшөөрөл олгохоор байгаа боловч салбарын бусад хууль тогтоомж, эрх зүйн дэд актаар тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл /олон удаа болон нэг удаагийн шинжтэй/-ийг шинээр бий болгох, ерөнхий төрлийг задалж олгох байдал түгээмэл болсон аж. 

Өөрөөр хэлбэл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй зөвшөөрлийн чиглэл, төрлөөр зөвшөөрөл олгох харилцаа явагдаж байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгаа хийгдсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ "Энэ нь бизнес эрхэлж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд дарамт болдог. Үүнтэй холбоотойгоор Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн найруулах хуулийг төслийг боловсруулж хуулийн нэрийг Зөвшөөрлийн тухай гэж өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн" гэв.

Хуулийн төсөл батлагдсанаар хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх Иргэний хуулийн суурь үзэл баримтлалыг баталгаажуулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа чиглэл, төрөл, эдгээр харилцаатай холбоотой суурь харилцаа тодорхой болно хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Мөн зөвшөөрлийг олгох, сунгах цахим хэлбэрээр зохион байгуулж болох зохицуулалт хуульчлагдаж, иргэд чирэгдэл хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хүргэх, зөвшөөрөл олгох харилцаа ил тод, хяналттай болох юм байна.

Өөрөөр хэлбэл лицензийн тоог цөөлж, лиценз авдаг олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй эрх зүйн орчинг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад төрөөс зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцаа боловсронгуй болох юм байна.

Үүний дараа гишүүд тодруулга авч санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.