Оюун-Эрдэнэ.Л 2019.05.15

Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ

Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.15/ хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. 

Төрийн албаны хүнд суртлыг багасгах, аж ахуйн үйл ажиллагааг дэмжих хүрээнд Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийн боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн болохыг тэрбээр илтгэлийнхээ эхэнд хэллээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлтэй нэгтгэн хэлэлцэх боломжтой хэмээн үзэж буйгаа хэллээ.

Зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг цөөлж, шат дараалал дамжлагыг энгийн хэлбэрт оруулах, бизнест ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор төслүүдийг боловсруулсан байна. Үндэсний аюулгүй байдал, улс орны болон нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн өсөлт, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, ил тод, нээлттэй байх зарчимд нийцүүлэн 8 бүлэг 30 зүйлтэй төслийг боловсруулжээ. Зөвшөөрлийн тухай хуулиар зөвшөөрөл, түүний ангилал, бүртгэл, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болон зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нийтлэг шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, зөвшөөрөл олгох, хугацаа сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох үндэслэл, журмыг тогтоосон байна. 

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асуув. Иргэд, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсвэл зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болох бодлогын томоохон өөрчлөлтийг УИХ-ын гишүүдийн санаачлан боловсруулсан төсөлд тусгажээ. Тодруулбал, хуулиар хориглоогүй л бол аливаа төрлийн үйл ажиллагааг эрхлэх боломжийг нээж байгаа бол Засгийн газрын төсөл үүнтэй нийцэх эсэхийг лавласан. Засгийн газрын зүгээс зөвшөөрлийн жагсаалтыг баталж, гурван жил тутамд тооллого явуулах зохицуулалтыг төсөлдөө тусгасан байна. Тооллогын явцад хууль зөрчиж байгаа, шаардлагагүй зөвшөөрлийн тухай асуудлыг тухай бүр цэгцлэх боломжтой гэж үзжээ. Мөн зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор зөвшөөрлийн бүртгэл, тоог мэдээллийн нэгдсэн сангаар зохицуулах юм байна. УИХ-ын гишүүд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслүүдийн үзэл санаа, зохицуулалтууд 70 орчим хувь нь нийцэж байгаа гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд тайлбарлав. Иймд УИХ төслүүдийг нэгтгэн хэлэлцэх бүрэн боломжтой хэмээн үзэж байна гэлээ. 

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжснээр энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.