Саранчимэг.Б 2019.05.16 | Өдрийн сонин

Б.Саранчимэг: Ус бохирдуулсны төлбөрийн хууль ирээдүйд том хөрөнгө оруулалт болно

Б.Саранчимэг: Ус бохирдуулсны төлбөрийн хууль ирээдүйд том хөрөнгө оруулалт болно
УИХ-ын гишүүн Б.Саранчимэгтэй ярилцлаа.

 

-МАН-ын бүлэг Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн олонх нь дэмжих улс төрийн шийдвэр гаргасан. Энэхүү хуультай холбоотойгоор янз бүрийн л зүйлүүд яригдаж байна. Энэ зээл хэрэгжих боломжтой юу?

Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, бизнес эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий Итгэлийн зээл олгох бодлого баримтлана гэж туссан байгаа. Өнгөрсөн намын бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол итгэлийн зээлийн төслийн талаарх танилцуулгыг хийж, гишүүд санал бодлоо илэрхийлсэн. Одоогоор энэ зээлийн тухай тодорхой шалгуур нөхцөлүүдийг тусгасан хуулийн төслийг их хуралд өргөн бариагүй. Гишүүдийн гар дээр ирээгүй байгаа учраас тодорхой ярих боломжгүй байна. Гэхдээ зээлийг өгөхдөө өнгөрсөн алдаа, сургамж дээрээ тулгуурлаж олгох нь чухал. Тодруулбал, ямар ч Засгийн газар төр барихаас үл шалтгаалан үр өгөөжтэй байлгах хэрэгтэй. Иймийн тулд баримтлах зарчмууд нь тодорхой байх ёстой юм. Зээл бол халамж биш, харин оломж гэдгийг өгч, авч байгаа хэн хэн нь ухамсарлан ойлгох хэрэгтэй. Зээлийг ямар зорилгоор, хэр хэмжээтэй, хэдий хугацаагаар өгөх шалгуурууд нь тодорхой байх ёстой. Тэгэхгүй бол зээл өгөөжгүй болж, улсын төсвийг дэмий үрсэн хэрэг болно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухайд таны байр суурь ямар байна вэ?

-Би өнөөгийн нөхцөл байдалд Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэг дээр санал нэгтэй байдаг. Гэхдээ ямар ч хуулиас бүр өндөгнөөс хүртэл өө олддог гэдэг шиг хуулийг зөвөөр тайлбарлах, дагаж мөрдөх ухамсар байхгүй бол хуулиас өөрчлөх заалтууд гарч ирсээр л байна. Өнөөгийн улс төр нийгэм, эдийн засгийн шаардлагаар Монголын  Үндсэн хууль тодорхой хэмжээнд өөрчлөгдөх ёстой гэж би бодож байна. Үндсэн хуулиар төрийн эрх мэдэл хуваарилах болон засаглалтай хамааралтай асуудлыг хариуцлагатай, тогтвортой байхаар өшөө илүү тодорхой заах ёстой.

-Ус бохирдуулсны тухай хууль батлагдсан. Хуульд ямар гол зохицуулалтууд тусгагдав?

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан. Тухайн үед Засгийн газрын дагалдан гарах журам батлагдан гарч хэрэгжих ёстой байсан. Гэсэн ч журам нь батлагдаагүйгээс болж хууль хэрэгжээгүй. Усны бохирдлыг зайлшгүй авч үзэх ёстой гэж үзсэн учир энэ Засгийн газрын үед оруулж ирж байгаа нь энэ юм. Миний хувьд УИХ-ын ажлын хэсгийг ахалж ажилласан. Хууль батлагдсанаараа усныхаа нөөцийг хамгаалж, дахин ашиглах, бохир усыг цэвэрлэн ашиглах технологийг нэвтрүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Тиймдээ ч миний бие зарчмын хувьд энэ хуулийг дэмжээд, ахлаад явж байна. Манай ажлын хэсэг уг хуулийн төсөл дээр маш сайн ажилласан гэж үзэж байгаа. Хуулийн төсөлд усны доод болон дээд төлбөрт өөрчлөлт оруулсан. Засгийн газар төлбөрийн хэмжээг уг хязгаарын хүрээнд тогтооно. Тодруулбал, ус бохирдуулсны төлбөрийг хамгийн дээд хэмжээнд хүртэл нь баталж, харин ногдуулах эрх нь Засгийн газарт үлдэнэ гэсэн үг.

-Уул уурхайн компаниудыг ус бохирдуулсны төлбөрөөс чөлөөлөх нь гэх мэдээлэл гарсан. Хуульд ийм зохицуулалт туссан юм уу?

– Уул уурхайн компаниудаас ус бохирдуулсны төлбөр авахгүй нь гэдэг буруу мессэж нийгэмд тархсан. Энэ бол худал мэдээлэл юм. Хаягдал усны чанар стандартад заасан хэмжээнд байвал ус бохирдуулсны төлбөр бага төлнө. Харин стандартаас хэтэрвэл өндөр нөхөн төлбөр төлөх юм. Энэ нь эрх тэгш, шударга байх зарчмаар ус бохирдуулсны төлбөрийг ногдуулж байгаа явдал гэж үзэж байгаа.

-Мал аж ахуй эрхлэгчдээс ус ашигласны төлбөр авах уу?

-Мал аж ахуй, газар тариалан бол хамгийн их ус ашигладаг салбар. Засгийн газрын зүгээс хуулийн төсөлд мал аж ахуй, газар тариалангийн салбараас ус ашигласны төлбөр авна гэж оруулж ирсэн байсан. Гэхдээ ажлын хэсгийн зүгээс Төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөлтэй уулзсаны үндсэн дээр мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдээс ус бохирдуулсны төлбөр авахгүй, харин цаашдаа авах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Тодруулбал, мал аж ахуй, газар тариалангийн салбараас ус ашигласны төлбөр авахгүй. Ер нь бол манай улсад 120 сая м.куб ус бохирдолтой байна. Энэ хууль батлагдсанаараа Туул, Хэрлэн, Орхон, Хараа, Хангал зэрэг гол, горхи руу цутгаж байгаа бохир ус багасна. Хамгийн гол нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих нь чухал юм. Хууль зургадугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.

Түүнчлэн АНУ-ын Мянганы сорилтын сангаас Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал усыг дахин цэвэрлэж ашиглах үйлдвэр барихад зориулж 360 сая ам.долларын тусламж үзүүлэх юм. Энэ хууль батлагдсанаараа уг тусламж орж ирэх нөхцөл бүрдэж байгаа. Мөн цаашдаа усыг хамгаалах, дахин ашиглахад чиглэсэн гадны хөрөнгө оруулалтууд нэмэгдэнэ гэсэн үг. Бид энэ Мянганы сорилтын сангийн тусламжийн хүрээнд үүрэг хүлээсэн. 2013 оны усны бохирдлын түвшин одоогийнхоос хамаагүй бага байж. Иймд усны бохирдлын хэмжээг 2013 оныхтой ч болтугай ижил түвшинд аваачихыг бидэнд үүрэг болгосон. Ямартаа ч хууль хэрэгжиж эхэлснээр хаягдал усны бохирдлын хэмжээ буурч, гол, нуур цэвэршиж, байгаль орчны доройтол буурна гэж харж байна.

-Ус бохирдуулсны төлбөрийг иргэд, аж ахуй нэгжээс хэрхэн төвлөрүүлэх, эргээд ус цэвэршүүлэх, бохирдохоос сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулагдаж чадах уу?

-Яахав бид аж ахуй нэгжээс ус ашигласны төлбөр авах гээд байгаа мэт харагдаж байгаа байх. Гэхдээ өнөөдөр хамгийн үнэтэй, чандмань эрдэнэ болсон усыг хайрлан хамгаалах, багаар бохирдуулах шаардлага зайлшгүй тулгарч байгаа юм. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээнд төлбөр ногдуулж, ус бохирдуулсны төлбөрийн орлогыг татварын байгууллагаар дамжуулж төвлөрүүлнэ. Энэхүү Байгаль хамгаалах санд орсон орлогыг усны бохирдлыг арилгах, хяналт шалгалт хийхэд зориулах юм. Бүр цаашлаад төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг тухайн цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулна гэж тусгасан. Тэгэхээр хуульд ийм тодорхой заачихсан учраас цэвэрлэх байгууламжууд засвар үйлчилгээгээ тогтмол хийж, хэвийн ажиллах нөхцөлөө бүрдүүлэхэд анхаарч, хувь нэмрээ оруулна. Улаанбаатар хотын хэмжээнд байгальд хаягдал ус шууд нийлүүлж байгаа Төв цэвэрлэх байгууламжийн усны дээжийг авч, Байгаль орчны төв лабораторидоо шинжлүүлээд усны төлбөрийг ногдуулах юм. Хуулийн хэрэгжилтийн хяналтын үүргийг Мэргэжлийн хяналтын байгууллага, тухайн сав газрын хяналтын байцаагч хариуцаад явна. Улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрийг төлөх аж ахуй нэгж байгууллагууд 60-иад мянга байна гэж тооцсон. Эдгээр байгууллагуудаас жилд гурван тэрбум төгрөгийн төлбөр төлөгдөнө.