2019.05.16

Л.Болд: Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Монголын төр ухралт хийлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:

"Бид 2020 оны нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх чиглэл дээр маш том ухралт хийж байгаад харамсаж байна. Энэ бол гэр хорооллын хөгжлийн асуудал дээр ухралт хийлээ. Гэр хороолол бол өнгөрсөн одоо ирээдүйн Монгол Улсын хөгжлийг харуулдаг. Энэ хэсэгт дэд бүтэц, ипотекийн зээлийг шийдээд өгсөн. Гэтэл журам өөрчлөгдсөн тухай хэлж байна. Зээлд тавьсан мөнгө дууссан гэлээ. Ингээд энэ ажил хэрэгжихгүй болж байна.

Энд байгаа нь, 6000 айлын орон сууцанд 60 сая төгрөг улсын төсвөөс  тавьчихсан. 10 сая төгрөгөөр ямар орон сууц барих вэ? БНСУ-ын зээлээр Солонгос-1, 2 хороолол барина гэсэн. БНСУ энэ зээлээ өгвөл барина. Өгөхгүй бол барихгүй. Энэ байж болохгүй ээ. Бид 2019 оны үндсэн чиглэлийг эцсийг нь хүртэл биелэлт шаардана.

Өнөөдөр гэр хорооллынхонд түдшийг нь бэлдэж өгөөгүй байж нүүрсийг нь хорьчихлоо. Цахилгаан хангамжийг нь шийдээгүй. Дэд бүтцийг нь хангаж чадахгүй. Мөнгө байхгүй гэсэн. Одоо тэр айлууд орон сууцны зээлд хамрагдаад газар дээрээ орон сууцаа барья гэтэл тэр мөнгийг нь хасаад хаячихсан.

Итгэлийн зээл гэж яриад байна. Энэ зээл гэр хорооллын иргэдэд хамгийн хэрэгтэй. Тэнд хямд төсөр орон сууц барих гэхээр урьдчилгаа мөнгөгүй байна. Энэ зээлийг тэдэнд олгох хэрэгтэй."