Бат-эрдэнэ.Ж Оюун-Эрдэнэ.Л 2019.05.17 | Vip76.mn

Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.17/  нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн танилцуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг УИХ-аас 2001 онд батлан мөрдүүлсэн. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг энэхүү хуулиас гадна салбарын 100 гаруй хуулиар зохицуулж байна.

Гэвч тусгай зөвшөөрлийн төрөл, тоо, түүнийг олгох эрх бүхий субъектийг шинээр тогтоох зэргээр эрх зүйн зохицуулалтын гажуудлыг үүсгэж ирсэн байна. Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төрлийг шинээр бий болгох, эсхүл тусгай зөвшөөрөлд хамаарах үйл ажиллагааг дотор нь задлах зэргээр яам, агентлагуудаас олгох тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж иржээ.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд салбарын яамдаас олгох 18 чиглэлийн 103 ерөнхий төрөл, түүнд  хамаарах 210 гаруй дэд төрлийн үйл ажиллагаа болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргаас олгох 7 төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр заасан боловч одоо 54 байгууллага, 914 төрлийн зөвшөөрөл олгож байна.

Түүнчлэн хуулиар эрх олгоогүй боловч тодорхой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрээр бий болгож, хууль бус төлбөр, хураамж ногдуулах тохиолдол түгээмэл байна. 

Иймээс Монгол Улсад тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомжийн зохицуулалт өөр хоорондоо зөрчилтэй, хуулиас гадуур зөвшөөрөл бий болгодог практик түгээмэл байгааг өөрчлөн засах шаардлагыг үндэслэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг шинэчилсэн найруулгын түвшинд өөрчлөн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлж дуусан санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт байнгын хороонд шилжүүлэв.