А.Ундраа: Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт хангалтгүй байна
2019.05.17

А.Ундраа: Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт хангалтгүй байна

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Тогтвортой хөгжлийн зорилгын талаар манай улс НҮБ-ын хуралд илтгэл тавина гэсэн. Илтгэлдээ юуг онцолж, хэрхэн бэлтгэж байна вэ?

-НҮБ-ын гишүүн орнууд тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд “Ядуурлыг арилгана. Хэн ч өлсөхгүй. Хэнийг ч орхигдуулахгүй” гэсэн агуулгатай зорилгуудыг өмнөө тавьсан. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар батлахад нь манай улс оролцож байсан. Улмаар 2016 онд “Үндэсний хөгжлийн үзэл баримтлал 2030” гэсэн хуулийн баримт бичиг болгож, баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийн зорилгыг хууль болгож баталсан анхны орнуудын нэг нь манай улс болсон юм. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2015 онд баталснаас хойш анх удаа манай улс НҮБ-ын хуралд сайн дурын илтгэл тавих гэж байна. Илтгэлээ тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудал, цаашид юунд анхаарах вэ гэдгээр бэлтгэж байна. Бэлтгэлээ нэлээд удаан хугацаанд хийж байна. Үндэсний хөгжлийн газар манлайлан оролцож байгаа. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг байгуулсан. Үндэсний статистикийн хороо ч олон мэдээлэл дата цуглуулан нэгтгэж, манлайлалтай ажилласан. Иргэний нийгмийн байгууллагууд, Шинжлэх ухааны академи, МУИС-ийнхан идэвхтэй оролцлоо. Нэг үгээр хэлбэл, энэхүү илтгэл олон хүний хамтын хүчээр гарч байгаа гэж ойлгож болно.

-НҮБ-ын хуралд илтгэлээрээ тодорхой ямар асуудлыг хөндөж тавих вэ?

-Илтгэлийн гол цөм нь агаарын бохирдлын асуудал байгаа юм. Нийслэл төдийгүй хот суурин газруудын хамгийн их тулгамдсан асуудал нь, агаарын бохирдол, агаарын чанар байна. Энэ нь эрүүл мэндийн талаасаа, аюулгүй амьдрах орчин талаасаа ч хамгийн тулгамдсан асуудал яах аргагүй мөн. Анхны сайн дурын тайлангаа өөрсдөдөө хамгийн тулгамдсан асуудлаараа тавих нь зүйн хэрэг. Агаарын бохирдлын асуудлаар ямар төсөл хөтөлбөр хэрэгжсэн, хэр зэрэг үр дүнтэй байсан, цаашид хэрхэн анхаарах талаар судаллаа. Өөрөөр хэлбэл, ногоон хөгжил, нийгмийн эрүүл мэнд, хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт зэрэгтэй уялдуулан агаарын бохирдлын асуудлыг авч үзсэнээрээ онцлогтой.

-Хэзээ илтгэлээ тавих вэ?

-Үндэсний баяр наадмын дараа НҮБ-д илтгэл тавина.

-10 гаруй хоногийн дараа олон улсын парламентын холбооны хурал манай улсад болно гэсэн. Энэ хурлаар тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжилтийг ярих юм билээ. Манай улсын тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт ямар байгаа вэ?

-Олон улсын хууль тогтоогчид чуулах энэхүү уулзалтаар тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт ямар байгааг улс орон бүр ярина. Тиймээс өнөөдөр (өчигдөр) Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос энэ асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр зорилгуудын явц, хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэл хийсэн.

-Тогтвортой хөгжлийн зорилтыг хууль болгосон анхны орнуудын нэг нь манай улс гэсэн. Энэ хуулийн хэрэгжилт нь хэр байгаа вэ?

-Хуулийн хэрэгжилт хэр байгаа, бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоо ямар байгаад үнэлэлт дүгнэлт өгөх цаг болсон. Хуулийн хэрэгжилт сайн биш байна. Гэхдээ бид муугүй ажиллаж байгаа. Үүнээс ч илүү сайн ажиллаж бол охоор байна. Бодлогын бичиг баримтуудаа боловсруулахдаа байгаль орчны асуудлуудыг орхигдуулсан алдаа байна. Мөн боловсролын чиглэлээрх зорилтуудад үнэлэлт өгөхгүй байна. Боловсролын бодлогын нэгдмэл чанар, залгамж халаа ямар байгааг дүгнэхэд бэрхшээлтэй байгаа. Үүнээс гадна эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд ядуурлын хувь хэмжээ нэмэгдсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр ядуурал 29 хувьтай байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь ядуу, орлого багатай байгаа нь энэ асуудлаар ажил хийх шаардлагатай байгааг харуулж байна. Тиймээс ажлын байрны тоог нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх бодлого баримтлах, хүн амын орлогыг бодитоор сайжруулах шаардлагатай байна. Гэхдээ зорилгуудын хэрэгжилт тэр чигтээ муу биш хэрэгжилт нь сайн заалтууд байна. Тухайлбал, эрүүл мэндийн чиглэлээр эх, нялхсын эндэгдлийг бууруулах зорилт боломжийн хэрэгжиж байгаа. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр амжилттай хэрэгжсэн хөтөлбөрт хамаарч байна.

-Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд сургуулийн хүүхдүүдийн хоол үйлдвэрлэл чухал уялдаатай гэдгийг дурдаж байна лээ. УИХ-аар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төслийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Анх өргөн барьсан хувилбараасаа өөрчлөгдөж байна уу?

-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч хуралдааныг хойшлуулсан. Харин тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийн үеэр зорилгуудыг хэрэгжүүлэхэд сургуулийн хүүхдийн “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгох нь чухал уялдаатай гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байна лээ. Энэ хуулийн төсөл нь сургуулийн насны бүх хүүхдийг шим тэжээлтэй хоол хүнсээр хангах зорилготой. Сургуулийн хүүхдүүдэд чанарын шаардлага хангасан, эрүүл, шим тэжээлтэй хүнс өгөх зайлшгүй шаардлага байдаг. Хүүхдүүд сургууль дээрээ шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэснээр эрүүл өсгөлүүн болохын зэрэгцээ хичээлдээ сайжирна. Энэ үүднээс харахад улсын ирээдүйн хөгжилд маш чухал үүрэгтэй гэж болно. Хуулийн төслийг хэлэлцэх явцад маш олон санал гарч байна. Мэдээж анхны хувилбараасаа өөрчлөгдөж буй зүйлүүд бий. Бүх сургуулийн гал тогоо, барилга, тоног төхөөрөмж ялгаатай учраас хуулийг шууд батлаад хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Тиймээс нөхцөл байдалд тохирсон зохицуулалтууд хийж байгаа.

-Тухайлбал, ямар өөрчлөлт хийж байгаа вэ?

-Хот суурин газар сургуулийн хүүхдүүдийн хоолыг төвлөрсөн байдлаар үйлдвэрлэж, хүргэлт хийх бололцоотой. Харин орон нутаг, алслагдсан сумдад төвлөрсөн байдлаар хоолыг нь үйлдвэрлэхэд хүндрэлтэй. Тиймээс орон нутгийн нөхцөл байдлыг харгалзан уян хатан зохицуулалт оруулж өөрчилсөн. -сургуулиудын хоол үйлдвэрлэл, хүнсний чанарт хэрхэн хяналт тавих зохицуулалт тусгаж байгаа вэ? -Мэргэжлийн хүмүүс ажиллуулах, хяналт тавих нь их чухал байгаа юм. Мэргэжлийн хүний зөвлөгөөг дагаж, хоолны цэсээ зохионо. Ямар улиралд ямар илчлэгтэй хоол идэх вэ зэргээр мэргэжлийн хүний зөвлөгөөг дагана гэсэн үг.

-Сургуулийн цайны газруудыг нэг цэстэй болгоно гэсэн үг үү?

-Одоогийн нөхцөл байдал нь сургуулийн цайны газруудыг захирал нь үзэмжээрээ нэг компанид түрээслүүлж байгаа. Харин түрээсэлж буй байгууллага нь ямар төрлийн цэс зохиож, ямар хоолоор үйлчлэхээ өөрсдөө шийддэг. Үүнд мэргэжлийн байгууллагуудын хяналт ч сул байдаг. Зарим сургууль нь стандартын гал тогоотой байхад олонх нь хүүхдүүдийн хоолыг саванд хийж ангиар нь тарааж өгч байна. Тиймээс хуулийн төслөөр нэг цэстэй, тогтсон байгууллагаас хүнсний хангамжаа авдаг байхыг хуульчлах юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зүгээс сурагчдад хоолоор үйлчлэхэд нийслэл, орон нутаг хоёр ялгаатай байхыг хэлж байна. Хөдөө орон нутагт хүнсний ногоо, жимс, хүнсний бүтээгдэхүүнээ авах процесс нь амар байдаг. Харин хотод хүнсний бүтээгдэхүүний хүргэлт, тээвэр зэргийг зохицуулахад ярвигтай. Тиймээс ажлын дэд хэсгийнхэн Сөүл хотын туршлагыг сайн судалсан. Тэнд 900 гаруй сургуульдаа өдөр бүр хоол хүргэдэг бөгөөд тус хотын Боловсролын газар нь захиалагчаар ажилладаг юм байна. Нэгдсэн стандартын дагуу журамтайгаар зохицуулж байгаа энэ туршлагыг ашиглах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ туршлагыг одоо цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний системд ашигладаг. Үүнтэй адил зарчмаар л ажиллана гэсэн үг.

-Цайг хоол болгохоор санхүүжилт нь нэмэгдэх нь мэдээж. хуулийн төсөлд нэг хүүхдийн хоолны өртгийг хэдэн төгрөгөөр тооцож байгаа вэ?

-Одоогийн байдлаар нэг хүүхдэд 600 төгрөгийн өртөгтэй үдийн цай өгч байгаа. Энэ зардлыг нэмэхгүйгээр цаашид халуун хоолоор үйлчлэх боломжгүй. Нэгдүгээрт, 600 төгрөгөөр баталснаас хойш хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Одоогийн зах зээлийн үнэтэй уялдуулж, халуун хоолоор үйлчилье гэвэл 600 төгрөг яагаад ч хүрэлцэхгүй. Тиймээс хуулийн төсөлд нэг хүүхдийн хоолны өртгийг 2400 төгрөгөөр тооцож, тусгасан.