Ганбаатар.Ж 2019.05.17 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Ж.Ганбаатар: Монгол-ОХУ-ын Эдийн засгийн байнгын хороодын хамтын ажиллагаанд онцгой анхаарна

Ж.Ганбаатар: Монгол-ОХУ-ын Эдийн засгийн байнгын хороодын хамтын ажиллагаанд онцгой анхаарна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч Калашников Сергей Вячеславович болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч, уулзлаа.

Уулзалтын эхэнд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 2017 онд ОХУ-д Монгол-Оросын хамтын ажиллагааны уулзалтыг амжилттай зохион байгуулсанд талархаж, хоёр орны парламентын харилцааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээсэн юм.

ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн Калашников Сергей Вячеславович Орос, Монголын эдийн засагт үүссэн ижил төстэй хүндрэлийг хамтран давах, харилцан ярилцаж, туршлага солилцох хэрэгтэйг онцоллоо. Иймээс хоёр улсын Эдийн засгийн байнгын хороодын хамтын ажиллагааг нягтруулах хүсэлтээ илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар энэ саналыг бүрэн дэмжиж, парламент хоорондын ажлыг хөгжүүлж, Эдийн засгийн байнгын хороодын хамтын ажиллагаанд онцгой анхаарахыг тэмдэглэв. Мөн аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх, томоохон төсөлд хамтран ажиллах, Владивостокоор дамжуулан олон улсын зах зээлд нүүрс гаргах сонирхол байгааг илэрхийлж, үүнийг ОХУ нааштайгаар шийдэж, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээсэн юм.

Уулзалтын төгсгөлд хоёр улсын Эдийн засгийн байнгын хороодын хамтын ажиллагааг сайжруулж, ижил төстэй асуудлыг шийдэх зөв гарцыг хамтран гаргах хэрэгтэй гэж талууд санал нэгдэв.