Н.Учрал 2019.05.17 | Vip76.mn

Н.Учрал: Хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарсны дараа хичнээн чанга хашгираад өөрчлөлт ирэхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл"-ийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

"Бид үнэхээр урьдчилан сэргийлэх ажилруу явахгүй бол болохоо байлаа. Болсоных нь дараа одоо чанга хашгираад ямар ч үр дүнгүй. Хэтэрхий их яриад сүүлдээ энэ нь сурталчилгаа болж байна. Ялангуяа мэдээлэлд анализ, дүн шинжилгээ хийж чадахгүй байгаа хүүхдүүдэд зохион байгуулалтгүй, эмх замбараагүй мэдээлэл аюултай байдалд хүргэж байна. Тиймээс бид хүүхдийн эрхийн асуудалд онцгойлон анхаармаар байна.

Бид хандлага гэдэг зүйлийг өөрчлөхийн тулд ажиллах ёстой. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 87 хувь нь насанд хүрсэн хүн үйлдэж байна. Сүүлийн 3 жил 5000 хүүхэд хохирогч болоод байна. Ийм сэрдхийм тоо харагдаад байна. Бүгд үр хүүхэдтэй. Энэ хүмүүсийн төлөө зөв хандлагыг төлөвлшүүлж хамгаалах байр олныг хийе гэх нь зүйтэй ч энэ бол 1 дүгээр асуудал биш. Өнөөдөр УИХ-аас гарах зөвлөмжид тусгаасай би хүсч байна. Энэ юу гэхээр төсөв мөнгийг нь шийдье. Цагдаад хүүхдийн асуудал хариуцсан 15 хан байцаагч байна гэж байна. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг би ахалж ажилласан. 34 нас хүртлэх Монгол Улсын иргэн гэхээр 2 сая хүн болно. Энэ тооны хүмүүст 15 хан цагдаагийн байцаагч хариуцан ажиллана гэхээр би хүхдийн эрхийг хамгаалж байна. Та нар ажлаа хий гээд цагдаагийн байгууллагад хэлээд бид хэдий хүртэл суух вэ?

Зөвлөмжөөс энэ байцаагчдын тоог нэмээд, төсөв мөнгийг нь ахиулж өгөх хэрэгтэй. Би цахим бодлогын түр хорооныхоо хүрээнд Цагдаагийн байгууллагатай хэд хэдэн удаа хамтран ажилласан. Цагдаад төсөв мөнгө байна уу гэхээр урьдчилсан сэргийлэх ажилд 90 гаруй сая төгрөг бий. Үүнээс хүүхдэд 3-4 сая л зарцуулдаг гэж байна. Бид энэ мөнгийг хүүхдийнхээ эрхийг хамгаалахын төлөө энэ мөнгийг ахиулж тавимаар байна. 1 дүгээр асуудал төсвийг нь шийдэж урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэх ёстой. 

Мөн хууль хэрэгтэй. Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээ мэдээллээс хүүхдийг хамгаалах тухай хууль. Энэ хуулийг шуурхай явуулах юм бол сошиал, контент, сонин, тв зэрэг зэрэг урьдчилан сэргийлэх ажлаа хийгээд явах боломжтой. Энэ хуулийг яаралтай баталж гаргах хэрэгтэй."