Б.Дуламсүрэн 2019.05.17 | ОБЕГ-ын ХМА

"Амралтын өдрүүдээр цаг агаарын аюулт үзэгдэл тохиож болзошгүй"

"Амралтын өдрүүдээр цаг агаарын аюулт үзэгдэл тохиож болзошгүй"

Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын гамшигт үзэгдэл тохиож болзошгүйг сэрэмжлүүллээ. Өнөө шөнө, маргааш өдөр нутгийн төв хэсгээр их хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуургатай, салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрэх тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Цаг уур орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2019.05.17/ мэдээлэв.

Цаг агаарын урьдчилсан тав хоногийн төлөвөөр тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар цасан болон шороон шуургатай. Маргааш Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч, замд халтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдах, төөрөх, осгох, мал цасан шуурганд уруудах, цасанд дарах нөхцөл бүрдэж болзошгүй аж.

Өнгөрсөн долоо хоногт дөрвөн аймгийн 28 суманд цаг агаарын гамшигт үзэгдэл тохиож, 23-54 насны зургаан хүн амь насаа алджээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Богд суманд хоёр иргэн, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гурав, мөн аймгийн Сэрвэй суманд нэг иргэний амь нас хохирсон байна. Эдгээр иргэний дөрөв нь малдаа явж байгаад төөрсний улмаас, хоёр нь сумын төвөөс гэртээ харих замдаа төөрч, осгосон байна. Мөн цасан болон шороон шуурганд Ховд аймгийн Цэцэг, Үенч суманд 12 гэр, дөрвөн модон шон унасан бол Төв аймгийн Баяндэлгэр суманд 350 бог мал цасанд дарагдаж, Баян-Өлгий аймгийн Булган суманд 835 толгой мал Их ширэгийн голд унаж хорогджээ. Түүнчлэн Хөвсгөл аймгийн нийт нутгаар цасаар шуурч, 9000 толгой мал өлдсөн юм. Цаг агаарын таагүй нөхцөл байдлын үед Онцгой байдлын ерөнхий газраас 247 хүн, 57 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 117 хүний амь насыг авран хамгаалсан гэж тус газрын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн мэдээлэв.

Тэрбээр “Цаг уурын байгууллагын ирүүлсэн сэрэмжлүүлэг мэдээллийг “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд 21 аймгийн 330 сумын 1820 багийн 20 гаруй мянган малчин иргэнд гар утсаар нь мэдээллийг тухай бүрт нь шуурхай хүргэн ажиллаж байна. Цаг агаарын таагүй нөхцөл байдал, гамшигт үзэгдлийн үед иргэдийн амь насыг авран хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн зорчих хэсгийн замыг хаадаг болохыг олон нийтийн зүгээс зөвөөр ойлгохыг хүсч байна. Гэтэл зам даваа хаасан үед хулгайн замаар зорчих гэж байгаад цасанд сууж дарагдсан дуудлага мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт ихэнх хувийг эзэлж байна. Тиймээс бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хол ойрын замд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүсье” гэлээ.  Цаашид 21-нээс нийт нутгаар дулаарах төлөвтэй байна.