Бурхан багшийн дүйчин өдөр хүүхдийн асрамж, халамжийн байгууллагуудад очлоо
2019.05.20

Бурхан багшийн дүйчин өдөр хүүхдийн асрамж, халамжийн байгууллагуудад очлоо

Хүүхэд хамгааллын асуудлаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бямба /2019.05.18/ гаригт  буюу Бурхан багшийн дүйчин өдрөөр үргэлжлүүлэн ажиллаж, төрийн халамж шаардагдсан хүүхдүүдийг асарч, сурган хүмүүжүүлдэг байгууллагуудаар явж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Ёс суртахуун, хүнлэг сэтгэлийг эрхэмлэх  агуулгаар тэмдэглэж буй Бурхан багшийн их дүйчин өдөр УИХ-ын дарга хүрэлцэн ирсэнд багш, хүүхдүүд баяртай байв. УИХ-ын даргатай хамт   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ажиллав.

“Ээлтэй ертөнц” ТББ-ын харьяа “Энэрэл” хүүхэд хөгжлийн төв тархины саажилт, булчингийн чангарал болон оюуны бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих өдөр тутмын сургалт, сэргээн засах эмчилгээг явуулдаг. Дэргэдээ “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрлэл эрхэлж, хүүхдүүдийн асран хамгаалагч буюу голчлон ээжүүдийг ажлын байраар хангажээ. 

Ээжүүд хүүхдээ төвд  авчирч өгөөд, дэргэд нь байрлах үйлдвэртээ ажилладаг, тэдний урласан зөөлөн тоглоомыг зарж борлуулж олсон ашгаараа төвийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг талаар “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Батцэцэг УИХ-ын даргад танилцууллаа. 

Тэрбээр, эдгээр хүүхдүүдийг энгийн хүүхэдтэй адил сурган хүмүүжүүлж, боловсрол олгох зорилгоор төвөө байгуулсан. Эцэг эхчүүдийн санаачилгаар бий болсон энэ төвд өдгөө 2-14 насны 18 хүүхэд бичиг үсэгт суралцаж, өсөн торниж байгаа. Хүүхдүүдийг зохих хэмжээнд сургаж, хөгжүүлсний дараа үе тэнгийн энгийн хүүхэдтэй сургалтын байгууллагад, ялангуяа авьяас чадвартай хүүхдүүдээ аль болох чанартай сургуульд үргэлжлүүлэн суралцуулахыг зорьж, нэг хүүхдийг  англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай хувийн сургуульд 50 хувийн хөнгөлөлттэй сургаж, мөн 5 хүүхдийг гадаадад сургахаар  хөөцөлдөж буй талаараа ярилаа. 

Тэдэнд үйл ажиллагаа явуулахад санхүүжилт дутагдаж байгааг тэрбээр хөндөв. Сард 20 сая орчим төгрөгийн зардал гаргадаг, уг зардлаа дөнгөн данган олдог учир зөөлөн тоглоомын борлуулалтыг нь нэмэгдүүлж өгөхөд дэмжлэг хүсч байгаагаа танилцуулсан. Мөн хүүхдүүдэд нь зориулсан, тэдний тусгай хэрэгцээг хангах болон оёдлын үйлдвэрийн тоног төхөөрөмж хэрэгцээтэй байгаа талаар дурьдаж,  тархины саажилттай хүүхдүүдийг эрт, зөв оношлох нь манай улсын хамгийн тулгамдсан асуудал гэдгийг онцоллоо. Хүүхэд хөгжлийн төвийн байр болон зөөлөн тоглоомын үйлдвэрлэлийн байрыг “MCS” компани үнэ төлбөргүй ашиглуулдаг юм байна.  

Салбарын яамнаас тодорхой хэмжээний дэмжлэгийг тус төвд үзүүлдэг аж. 2018 онд 60 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн талаар УИХ-ын даргыг дагалдан ажилласан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав.

Дараа нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны “Багваахай” төвд очсон. 

Холбооны тэргүүн С.Сэлэнгийн танилцуулснаар тус холбоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст эрхийг нь энгийн хүүхэдтэй адил тэгш эдлүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй, бие даасан иргэн болгож төлөвшүүлэх чиглэлд зонхилон үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 2000 онд байгуулагджээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийг хот, хөдөөнийх гэлтгүй нэгтгэн,  чадавхижуулах нь эдний бас нэг гол зорилт юм. Тиймээс хот, хөдөөд 20 гаруй салбартай болжээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сул дорой, бусдаас дутуу, өвчтэй гэж хардаг нийгмийн хандлагыг өөрчилж, бусдын адил эдлэх эрхтэй, авьяас чадвартай гэсэн ойлголтыг төлөвшүүлэх нь тус холбооны алсын хараа гэдгийг тэргүүн С.Сэлэнгэ хэллээ. Тэрбээр, тусгаарлах тогтолцооноос салж, хүүхэд бүрт ижил түвшний стандартын боловсрол эзэмшүүлэх шилжилтийн хөтөлбөрөөр хүүхдүүдээ сургадаг талаар танилцууллаа. 

Энэ үеэр эцэг, эхчүүдийг төлөөлөн 240 гаруй хүн гарын үсэг зурсан хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжиллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран халамжлахын тулд ээж, аавуудын дийлэнх нь ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүй учир байнгын асаргаа шаардлагтай хүүхдийн асран хамгаалагчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ч болов тооцож, төрөөс хариуцдаг болох хуулийн зохицуулалт бүрдүүлэхийг уг хүсэлтэд дурьдсан байв.

Энэ өдөр УИХ-ын даргын ажилласан гурав дахь байгууллага нь “Манай гэр” хүүхдийн асрамжийн төв байлаа. 

Дөнгөж төрсөн нярайгаас эхлээд 18 хүртэл бүх насны хагас, бүтэн өнчин хүүхдүүдийг асран халамжилж, сургаж хүмүүжүүлж, амьдралд бэлтгэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг тус төвд одоогоор 21  хүүхэд аж  төрж байна. 

Төвийн захирал Д.Гаамаа “Манай гэр” үйл ажиллагаагаа эхлээд 20 гаруй жил болсон, хүүхдүүд 18 хүрээд төвөөсөө явдаг ч эргээд байнга холбоотой байдаг. Бага насны хүүхдүүд тусгай хэрэгцээт болон ерөнхий боловсролын ердийн сургуульд суралцдаг, дунд сургуулиа амжилттай дүүргэж буй хоёр хүүхэд удахгүй Япон улсыг зорьж суралцах болсон талаар танилцууллаа. 

Тус төвд Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтсээс хүүхэд хамгааллын зардлын санхүүжилтээс сард 828 мянга, жилээр нь тооцвол 9.9 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг, уг мөнгийг хүүхдүүддээ хоол хүнс авахад зарцуулдаг, хүүхдүүдийг харж, асардаг багш нарт улсаас өгдөг цалин гэж байхгүй учир ТББ-ынхаа шугамаар цалинжуулдаг юм байна.   
Төвийн 310  ам метр 8 өрөө тохилог байрыг Ж.Бямбабаатар, Р.Ганхуяг захиралтай “Их үйлсийн эрэлд” корпорацаас өгчээ. Тус корпораци ашиглалтын бүх зардлыг нь хариуцдаг байна. 

Ажил, амьдралд бэлтгэхийн үүднээс гэрээ тохижуулах, гоёх, зочинд бэлэглэх дурсгал зэрэг наад захын бүх зүйлийг хүүхдүүдээр өөрсдөөр нь оёулж, урлуулдаг аж. Мөн Сонгинохайрхан дүүрэгт хөөцөлдөж авсан 2 га газартаа Хөдөлмөр зуслан байгуулах зорилготой байгаагаа тэргүүн Д.Гаамаа танилцуулсныг УИХ-ын дарга дэмжиж ажиллахаа илэрхийллээ.  

Ийнхүү ажилласныхаа дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг нэгтгэсэн байгууллага бий болгож, тулгамдаж буй асуудлыг ийм байгууллага болон засаг төр хамтран ажиллах замаар шийдвэрлэх нь илүү оновчтой. Тус тусдаа, салангид байх нь бодлого боловсруулах, үр дүнг тооцох, хөрөнгө санхүүжилт гээд бүх зүйл дээр нэгдмэл зохицуулалтгүй, тарамдсан байдал бий болгож байна. Тиймээс энэ талаар хууль эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх чиглэлээр Улсын Их Хурал ажиллах болно гэв. 

Мөн “Их үйлсийн эрэлд” корпораци шиг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн сайн сайхны төлөө хөрөнгө мөнгө зарцуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тухайн зардлыг нь татвараас чөлөөлөх, ийм санаачилгыг дэмжих замаар хүүхдийн төлөөх төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. 

Түүнчлэн, хүүхэд асрах, халамжлах төвүүдийг том, жижиг гэлтгүй стандарт хангасан үйл ажиллагаа явуулж байвал  хүүхэд асрах болон цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааны зөвшөөрлийг нь олгож, төрөөс дэмжих шаардлагатайг тэмдэглэсэн.  
УИХ-ын дарга Г.Занданшатар ийнхүү сүүлийн хоёр долоо хоног хүүхэд  хамгааллын байгууллагуудад ажиллалаа. Ирэх долоо хоногт түүний ивээл дор Төрийн ордонд энэ асуудлаар зөвлөгөөн болно. Энэ үеэр хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар зохих шийдлүүд гарах юм