О.Баасанхүү: Францын компани манай нэг сайдад 1.2 сая долларын авлига өгсөн хэргийг Франц шалгаж байгаа
2019.05.20

О.Баасанхүү: Францын компани манай нэг сайдад 1.2 сая долларын авлига өгсөн хэргийг Франц шалгаж байгаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл гараад байгаа. Гэхдээ нэр нь дурьдагдсан сайдууд бүгд л байр сууриа илэрхийллээ. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ямар ч авлигын хэрэг байлаа гэсэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хаагдах аюултай нөхцөл үүсчихээд байгаа болохоор энэ мэдээлэл үнэн байна уу, худлаа байна уу хамаагүй ач холбогдол нь буурчихаад байгаа юм. Би Ерөнхийлөгчид энэ асуудлыг яаралтай шийдэх санал хүргүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд гэм буруутай, гэм буруугүйг ганцхан шүүх тогтооно гэж заасан. Тиймээс өнөөдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч дуусаагүй ч шүүхийн шийдвэр гаргаж өгөөч. Шүүхийн шийдвэр гарснаар ядаж хохирлыг нь авах боломж бүрдэх юм. Тэр хүн шоронд суухгүй байж болно. Ядаж бид учирсан хохирлоо авах, төр төвлөрүүлэх боломжтой болно. Харамсалтай нь хөөн хэлэлцэх хугацаа дууслаа гэхээр араас нь хэн ч явахгүй болно. Прокурор тэгэхээр хоёр ажил хийх ёстой. Нэгд, яллах ажил. Хоёрт, төрийн нэрийн өмнөөс хохирлыг нэхэмжлэн авах ёстой. Францад нэг эрүүгийн хэрэг үүссэн гэж би дуулсан. Монголд хөрөнгө оруулалттай компанийн Монголын нэг сайдад 1.2 сая ам.долларын авлига өгсөн асуудлыг Франц шалгаж байгаа гэсэн.

Энэ бол маш ноцтой асуудал. Үнэхээр өгсөн асуудал байгаад Францын хөрөнгө оруулалттай компани цөөхөн шүү дээ. Тиймээс үүнийг шалгах ёстой. Бид олон улсын өмнө шившиг болмооргүй байна. Тэр утгаараа гаднын тусгай албадын ч гэдэг юм уу тодорхой байгууллагуудын гаргаж байгаа мэдээллүүдтэй хамтран ажиллахгүй бол төвөгтэй байдал үүсэх гээд байгаа юм. Тиймээс 10 сая ам.долларыг тэр авсан, энэ авсан гэдэг нь чухал юм уу харин хэрэг хуучрахгүй гэм буруутайг нь тогтоогоод хэзээ ч байсан хамаагүй хариуцлага тооцож болно гэдэг ойлголтыг нийгэмдээ өгөх болсон.

-Францын хөрөнгө оруулалттай компани манай нэг сайдад авлига өгсөн гэж байна. Энэ Засгийн газрынх юм уу, өмнөх Засгийн газруудын сайд уу?

-Францдаа ийм зүйл болж байна шүү дээ. Мэдээж одоогийн сайдууд л яригдана. Юу гэж олон жилийн өмнөх хэрэгт эрүү үүсгээд явах вэ.

-10 сая ам.доллар 26 тэрбум төгрөг. Нэг хүн биш Засгийн газар танхимаараа авсан байж болзошгүй гэдэг таамаг ч нийгэмд гарч байна?

-10 сая ам.доллар гэдэг чинь жижиг юм ш дээ. 10-хан чемодан мөнгө. Казинодож байгаа хүмүүс сая, сая доллараар тоглож байгаа биз дээ. Тиймээс нээх тийм аймаар их мөнгө гэж бодохгүй. Оффшортоо 72 сая ам.доллартай хүн байгаа шүү дээ. Шударга Т.Аюурсайханы мэдэгдлээс болоод авлигалтай тэмцэх ажлыг цааш үргэлжлүүлэхэд хэцүү боллоо гэдгийг хэвлэлийн хурлаараа яриа биз дээ. “Бид цаашдаа хамтарч ажиллахад хэцүү боллоо. Битгий ингэж улстөржөөч ээ” гэж яриа биз дээ.

Ийм ноцтой байгаа учраас 72 сая ам.долларын хэргийг шалгах хүсэлт ч өгч байсан. ҮАБЗ-д зургаа, долоон бичиг өгсөн. Би нэг зүйлийг асуумаар байгаа юм. Монгол ялах гээд байгаа юм уу, авлигачид ялах гээд байгаа юм уу. Монгол ялны эсрэг хууль хяналт, тусгай албад нь ажиллаад байгаа юм уу яагаад байгаа юм. Монгол ялна гэдгийг би Хятадтай байлдана гэж ойлгохгүй байгаа шүү дээ. Хятад хүн сайн хүн, Хятад орон сайхан орон Ганцхан Монголын нэрийн мөнөөс гаднын байгууллага, гаднын янз бүрийн пүүс хоршоодод Монголын эрх ашгийг сөнөөсөн үйл ажиллагаанд оролцоод байвал Монгол ялагдаж байгаа гэсэн үг шүү дээ.

Ерөнхийлөгчийн  хажууд гоё байгууллага байдаг даа. Буурал толгойтой манай ангийн хүүхэд ажилладаг, А.Гансүх гээд. А.Гансүх утсаа авахгүй байгаа юм. Ажлаа хий гээд бичиг өсгөн.