Бямбасүрэн.Д 2019.05.20 | Өглөөний сонин

Д.Бямбасүрэн: Улс төрийн намууд төр рүү цутгах авлигачдыг нийлүүлдэг, дамжуулдаг хоолой болж хувирсан

Улстөржихгүйгээр үнэнийг хэлэх, ойрын биш холын зайг харах, Монголын төлөө үгээ хэлэх хүмүүсийн нэг бол Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн эрхэм гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ. Түүний ярилцлагыг хүргэж байна.


-Ээлжлэн бас хамтран засаглаж ирсэн МАН, АН-ын аль аль нь дотоод хямралтай, завхралтай байгаа нь нэгэнтээ ил болчихсон. Нэг талаас бугшаад буглуулаад асуудлаа дараад байхгүй гадагшлуулаад байх нь эрүүлжих явц  байж болох. Ер нь Монголд улс төрийн нам гэж байна уу?

-Хоёр асуудал байна. Нэгдүгээрт, улс төрийн нам гэдэг бол тухайн нийгмийнхээ амьдралын жам ёс, зам мөрийн талаарх үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн бүлэг юм шүү дээ. Гэтэл манай Монголын улс төрийн намууд  ийм үзэлгүй болчихсон. Ардчилсан нам нь либерал үзэлтэй гэж зарладаг. Ардын нам нь  ардчилсан социализмын үзэл гэж зарласан мөртлөө либерал үзлийн шаварт шигдчихсэн. Монголын улс төрийн нөхцөл байдлыг үзэл баримтлалын талаас нь авч үзэх юм бол үзэлгүй улс төрийн хүчнүүд либерализмын, нео-либерализмын шавар дунд, шуналын чөдөртэй цовхчиж байна. Улс төрийн аль ч хүчнийг төрд түлхээд, өргөөд  гаргасан хүмүүс нь Монголын баялгийг худалдах, эрх мэдэлтэй хугацаандаа өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө, өөрийгөө дэмждэг бизнес бүлэглэлүүдэд үйлчлэхийн төлөө л байна. Монголын нийгмийн эрх ашгийг дээдлэх чадваргүй байна.  Энэ нэг тал нь. Хоёрдугаарт, бид үргэлж өөрсдөө харж явах ёстой зүйл. 1990 он хүртэл Монголд Улс төрийн авангард нам байсан. Авангард нам гэдэг бол парламентын нам биш.

Авангард нам гэдэг нь Лениний тодорхойлсноор ажилчин ангийн, хамгийн тэргүүний, дайчин ухамсартай зохион байгуулалттай тэр анги мөн гэсэн байдаг. Бүх юмны урд туг бариад нийгмийн амьдралыг зоригжуулагч,  зохион байгуулагч хүч бол манай нам мөн гээд гүйдэг тэр улс төрийн хүчин. Түүнээс биш олон түмнийхээ дунд ухуулга явуулаад, үзэл бодолд нь үнэмшил төрүүлээд түүгээрээ төрийн суудал авдаг ийм улс төрийн хүчнүүд биш. Тэгвэл манайд 1990 оноос хойш сөрөг хүчин нөгөө хуучны авангард намтай барилдахдаа нөгөөдүүлийнхээ дүрмээр барилдсаар байгаад өөрөө авангард нам болчихоод байна. Одоо  Ардчилсан нам, Ардын нам хоёрын загвар нь тийм байна. Ардын намаас тасарсан Хувьсгалт намын загвар ч тэр,  ердөө л авангард намын бүлэглэлүүд. Ардчилсан нийгмийн нөхцөлд чөлөөт эдийн засгийн тогтолцооны нөхцөлд авангард бүлэг бол мафи бүлэг болдог юм байна гэдгийг бид амьдрал дээр харлаа. Ард түмэнд худлаа амлаад л, нэг сая төгрөг өгнө, 1.5 сая төгрөг өгнө, мэргэжлийн Засгийн газар байгуулна, эсвэл юу ч гэдэг юм, худлаа амлалтаар төрийн эрх аваад л, нийгмийн баялгийг өөрсдөдөө хуваарилах л эрх авч байвал  өөр бусад юм  тэдэнд хэрэггүй. Эргээд нийгэм рүүгээ хардаггүй. Монгол Улс яагаад 20 гаруй тэрбум долларын өрөнд оров оо гэдгийг аваад үзэхээр монголчууд зээлээр нэг ч зүсэм талх авч идээгүй шүү дээ. Энэ зээл хаагуур явсан бэ гэхээр баячууд гадагшаа бонд гаргаж, зээл аваад, түүнийгээ төсвөөс гадуур хуваарилаад зарцуулчихсан. Тэр нь одоо хүн бүхэнд өр болоод ноогдож байна. Монголын улс төрийн намууд бол үндсэндээ төр лүү цутгах авлигачдыг нийлүүлдэг, дамжуулдаг хоолой болж хувирсан. Төрийн суудлыг тэдэнд худалддаг. 60 тэрбумын асуудал бол төрийн суудлыг худалдаж амьдардагийн гол сонгодог жишээ шүү дээ. Тиймээс улс төрийн нам гэдэг ойлголтод бид хоёр талаас нь хандах хэрэгтэй. Монголын улс төрд үзэл алга. Дорнын төрт ёс, Их Монгол улсын төрт ёс бол олон мянган жилийн түүхтэй. монголчууд  өөрсдийгөө Хүннү улсаас наашаагаа 2000-аад жилийн түүхтэй гэдэг юм. Миний өөрийн ойлголтоор монголчуудын төрийн түүхийг наад талд нь 3537 жилээс ярьж болно, 2226 биш. Монголын төрт ёс гэдэг бол ийм өвтэй. Одоо төрд  орж ирж байгаа хүмүүс дорнын төрт ёс, түүний дотроос Монголынхоо төрт ёсны алтан зарчимууд, үзэл баримтлалыг ерөөсөө ойлгодог ч үгүй, судалдаг ч үгүй. Зүгээр гадаадад очиж либерализмын сурах бичиг үздэг юм уу, эсвэл техникумын сурах бичиг цээжилж ирээд Монголдоо УИХ-ын түвшинд юм уу, түүнээс дээш түвшинд хэрэгжүүлэх гэж оролддог шүү дээ.

-Үнэхээр ч онол ярьсан, цэцэрхсэн залуусаар манай улстөр дүүрчихсэн байна?

-Монголынхоо өөрийн үндэсний онцлогийг ойлгохгүйгээр төр барина гэдэг байж болохгүй л дээ. Жишиж хэлэх юм бол шим мандалд амьд бүхэн өөрийн экологийн хонгилтой байдаг. Бүргэд шувуу тэнгэртээ нисээд, хүчирхэг жигүүртний жамаар л амьдардаг. Ой ширэнгэд байгаа баавгай, далайд байгаа аварга загас өөр өөрийнхөө жамаар л амьдарна. Бүргэд шувуу аварга загас шиг амьдрах ёстой гээд гүйхгүй шүү дээ. Гэтэл одоогийн Монголын улстөрчдийн хувьд Монгол орон цаашдаа энэ дэлхий ертөнцөд, нийгмийн экологийн ямар хонгилд амьдрах юм бэ,  яаж амьдрах юм бэ гэдгээ ойлгодоггүй. Зөвхөн би мөнгөтэй л бол амьдарч болно гэсэн мөнгө шүтэх үзлээр л амьдардаг. Монгол орны хувь заяа, Монголчуудын ирээдүйн тухай асуудал биш, ямар нэг курс төгсөөд ирсэн барууны орны хүмүүс шигээ л баян сайхан гоё амьдрах ёстой гэсэн хүсэлтэй. Энэ хүсэл нь бүтээгч чадлаасаа түрүүлчихсэн. Монголд бүтээхээсээ өмнө баяжих сэтгэхүй гол байгаа учраас мөнгө шүтэх үзэл нийгмийг буруу тийш нь хөтөлж байна. Сүүлийн арваад жилийн дотор Монголын нийгэмд баян ядуугийн ялгарал  маш хүчтэй боллоо. Монголын бүх баялгийг гартаа барьсан олигархи бүлэглэлүүд  Монголыг худалдах  замаар л өөрсдөө баяжиж, иргэд нь ядуурч байна. Ерэн онтой харьцуулахад Монголын экспорт 10 дахин өсч, зургаан  тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Тэгвэл Монголчуудын амьдрал 10 дахин дээшилсэн үү. Орлого мөнгө хаана очсон бэ. Нөгөө баячуудын халаасанд ороод, баячууд нь тэр мөнгөнийхөө заримыг оффшор руу, заримыг нь Улаанбаатарт хахаж цацсан оффисын барилгуудаар чигжээд дууслаа шүү дээ. Ингэж үр ашиггүй хөрөнгө оруулалт хийж буй тул эдийн засгийн хямрал ч нүүрлэлээ. Үүнийг дагаад нийгмийн амьдрал зөрчилд орж, улс төрийн хямрал нүүрлэж байна.

-Захын хороололд олон хүүхэдтэй айл бүтэн талх авч идэж чадахгүй амьдарч байхад, зайсан тийш 20 нас хүрээгүй хүүхдүүддээ тэрбум тэрбумын үнэтэй байр авч өгч байгаа нэг хэсэг байна.  Хүнийг мөнгөтэй байгаагийнх нь төлөө буруутгаж болохгүй л дээ. Гагцхүү мөнгөтэй байх тэгш боломж иргэдэд байна уу гэдэг л асуудлыг бид яг одоо ярих шийдэл хайх хэрэгтэй болов уу?

-Баялгийн хуваарилалт шударга бус зарчимаар явагдаж байна гэсэн үг л дээ. Монголын шим шүүстэй бүхнийг нь төрийн эрх мэдэлд хүрсэн цөөхөн бүлэглэл сорж байна. Ерөнхийлөгч маань 30 гэр бүлийн төлөө би Ерөнхийлөгч болохгүй гэж хэлж гарсан. Гэтэл 30 гэр бүл л  үндсэндээ Монголыг барьж, баялгийг нь цөлмөж байна. Монголчуудын ядуурлын асуудлыг бид ойлгох хэрэгтэй. Төрийн бодлого нь өөрөө ядуурлыг төрүүлж байгаа юм. Монголд жил тутам 40-50 мянган хүүхэд дунд сургууль төгсөж байна. Тэдний өмнө ямар зам байна. Ажилгүйчүүдийн эгнээнд очих, эсвэл хувийн дээд сургуулиуд юм уу, чанаргүй янз бүрийн боловсролын систем рүү орж, эцэг эхийнхээ мөнгийг зарж дахиад 4-5 жил амь залгах, хэрэгтэй хэрэггүй диплом өвөртлөөд гарч байна. Тэгснийхээ дараа манай эрх мэдэлтнүүдийн сүүлийн үед гайхуулж ярьдаг ганзагын наймаачдын замаар орно шүү дээ. Зүй нь дунд сургууль 12 жил болоод байгаа юм чинь, хоёр жилд  нь мэргэжлийн баримжаа олгож, сургуулиа төгсөхдөө байшин барьдаг,  ногоо тарьдаг, токарь хийж чаддаг болгоод гаргасан бол тэр  хүмүүс баялаг бүтээгчид болж гарна. Гэтэл нийгмээ эргээд сороход, ширээний ард суухад чиглэсэн нөгөө л түшмэд болох хүсэлтэй хүмүүсээ гаргаж ирж байна. Тэр нь баячууд олигархи бүлэглэлийн хувьд  нийгмийг гартаа барих гол арга хэрэгсэл болж хувираад байна.

-Иргэд харанхуй, харалган байх улстөрчдөд хамгийн хэрэгтэй зүйл байдаг юм биш үү?

-Бас ядуу байх нь ашигтай.

-Талх амлахад толгой дохих хэмжээнд байх уу?

-20 мянган төгрөг, 50 мянган төгрөгөөр саналаа өгчихөж байгаа юм. Ийм чөтгөрийн тойргоосоо гарахад их хэцүү. Эдийн засгийн хямралд байгалийн баялгаа ашиглаад ч юм уу, эсвэл зээл аваад хямралыг зогсоогоод өндийж болно. Улс төрд бол гаднаас зээлээр дарга авч болохгүй, зээлийн Ерөнхийлөгч, зээлийн Ерөнхий сайд олдохгүй. Украин гаднаас хүмүүс аваад юу болов, тиймэрхүү л маягтай болно. Тэгэхээр Монголоо гэсэн сэтгэлтэй эх орончид нь өөрсдөө дуугарах, өндийж босох тухай асуудал чухал юм. Мэдээж дарамт асар их байгаа. Тэгэхээр бид буруу замаар явж байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд, шинэчлэх арга замаа олж байж зөвдөнө.

-Үндсэн хуулийн өөрчлөлт зөв зам руу дагуулах уу?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал чамгүй их яригдлаа. Нийгэм уг асуудлыг гурван талаас харж, хүлээж авч байна. Хамгийн эхэнд хот суурин газрын статусын асуудал,  давхар дээлийг тайлах асуудал ч гэдэг юм уу, төсвийн зардлын асуудал ч гэдэг юм уу энгийн тодорхой асуудлууд байна. Үүнийг шийдээсэй гэж нийгмээрээ  хүлээж байгаа. Хоёрдугаар асуудал бол Монголын төрийн тогтолцоо болохгүй нь ээ, бид чинь 76 хүнтэй, мөнгөөр сонгогддог, намаар дамждаг, ийм хүмүүсийг, парламентыг төрийн эрх барих дээд байгууллага гэж зарлаад хамаг эрхийг нь өгчихсөн. Буудаг ч үгүй, тардаг  ч үгүй. Эмээлээ гэдсэндээ авсан морь шиг туйлдаг нэг байгууллага бий болчихлоо шүү дээ. Үүнийгээ өөрчилье, төрийн эрх мэдлийг ард түмний гарт өгье. 

Одоогийн төрийн эрх мэдэл чинь олигархиудын гарт байнаа гэж ойлгосон нийгмийн хүлээлт байгаа юм. Гуравдахь нь юу вэ гэхээр Үндсэн хууль өөрчлөх  замаар Монгол төрийг улам сулруулаад,  Ерөнхий сайд гэдэг хэний ч сонгоогүй тэр албан тушаалтанд эрх мэдлийг өгч,  Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасъя аа гэсэн  санал орж ирлээ л дээ. 2006 оноос хойш  Монголын сүүлийн зургаан Ерөнхий сайд ерөөсөө л олигархи бүлэглэлийн төлөөллүүдээ нэгтгэж л, Засгийн газар байгуулж гарч ирсэн. 2006 оны  нэгдүгээр сард М.Энхболдын Засгийн газар хэдэн компанийн захирлуудыг цуглуулаад л их эвслийн Засгийн газар гээд гарч ирсэн. Би бол “Цоохор” Засгийн газар гэж хэлдэг юм. “Цоохор” засгаас хойш л С.Баярын, С.Батболдын, Н.Алтанхуягийн, Ч.Сайханбилэгийн, Ж.Эрдэнэбатын гээд өнөөдрийн Засгийн газар хүртэл олигархиуд дуртай суудлаа авч ирлээ. Тамхины үйлдвэрийн эзэн  очоод л Уул уурхайн сайд болчихно. Хятад хэлний орчуулагч очоод л Уул уурхайн сайд болчихно. Ингэж Монголын төрөөр тоглолоо шүү дээ. Цаашдаа Монголын төрийг улам сулруулж, өөрсдийнхөө захиалгаар УИХ-ыг байгуулчихдаг, хуулиа гаргачихдаг, засгаа байгуулчихдаг байх санаархал одоогийн УИХ дотор маш том байр эзлээд, Үндсэн хуулийн өөрчлөлтийн суртал ухуулгыг явууллаа. Хүмүүсийн тархийг чамгүй угаалаа. Ингэсний үр дүнд Монголын улс төрийн хямрал улам ужиграх хандлагатай болж байна. Үндсэн хуулиа зөв өөрчлөхийн тулд ард түмнээрээ хэлэлцээд, саналыг нь аваад түргэн шийдэх юм бол бид энэ хямралаас гарч чадна. Өөрөөр бослого гаргаад юм уу, хоорондоо зодолдоод энэ асуудлыг шийдэхгүй. Эсвэл гаднаас  дарангуйлагч урьж авчирна гэвэл бүр ч бүтэхгүй асуудал. 1990 онд бол байдал нэлээн хялбар байсан. Одоогийн монголын улс төрийн тавцан дээр нөгөө хуучин улс төрийн хүчин, ардчилсан хүчин хоёр чинь хэн нь хэнийгээ хэлэхийн аргагүй сүлбээтэн болчихсон. Дээрээс нь олигархи бүлэглэлийн нөлөө,  гадны хөрөнгө оруулагчид гээд шинэ колоничлогчдын бүлэг, Монголыг эрхшээлдээ хараат байдалдаа оруулах гэсэн геополитикийн хүчин зүйлийн нөлөөллүүд ороод ирчихсэн байдаг. Одоогийн нөхцөл дэх улс төр бол маш төвөгтэй. Олон талыг харж шийдэхгүй бол, Ерөнхий сайд гэдэг бурхан Израиль, Герман, Японд байдаг гэнэ, Монголдоо хөрсөнд буулгая гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. Харамсалтай нь манай УИХ-ын гишүүд, УИХ-д олон жил суусан хашир туршлагатай хүмүүс хүртэл энэ урхинд унаад явж байгаа юм. Миний бодоход хүний нас мөнх биш юм чинь чөлөөнд гарах цаг нь ойртохоор амьдралаа бодоо юм уу даа л гэж бодох юм.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дубайн төлөвлөгөөг эргэн харна гэж хэлсэн удаатай. Ер нь Оюутолгойн гэрээнд байгаа асуудлуудыг эргэн  хараад залруулах боломж бий болов уу?

-Зөв. Харахаас өөр яах юм. Гадны компани гадны банкнаас зээл авахад нь монголын баялаг, газар нутгийг барьцаанд тавьчихсан. Гадны компани дампуурлаа гээд явах л юм бол Дубайн арабууд ирээд манай нутаг гээд цэрэг оруулаад суучихна шүү дээ. Энэ гэрээ шударга бус журмаар байгуулагдсан гэдгийг нотлох баримттайгаар олон улсын шүүхэд тавих юм бол гэрээ хүчингүй болно. Гагцхүү энийг хүсэх үү гэдэг нь л асуудал юм. Ардчилсан нам, Ардын намын  хамтарсан Засгийн газар байхад гэрээг  анх баталсан. Дубайн төлөвлөгөөг ч баталсан. Одоо тэгээд намууд яаж хандах вэ гэдэг нь удирдлагаасаа их хамаарна.

-Эдийн засгийн хямралыг  зээл аваад илааршуулж болж байна гэж та хэлсэн. Гэтэл эдийн засгийн хямралын үндэс нь улс төрийн хямрал байгаад байна. Улс төр тогтвортой, тодорхой залгамж бодлоготой байхгүй бол гаднаас зээл авах энэ тэр бол түр зуурын гал унтраасан л арга хэмжээ болоод байна биз дээ. Ийм хүмүүс байсаар байхад дахиад л эдийн засгаа хямраана биз дээ?

-Тэгнэ л дээ. Монголын эдийн засгийг үндэсний цогцолбор гэдэг утгаар нь аваад үзвэл тун хөөрхөн жижиг цогцолбор юм. Бодит эдийн засаг нь 31 хувийн хуримтлалтай. Ард түмнийхээ, төрийнхөө бүх хэрэглээгээ хасаад цаад талд нь  Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 30-31 хувь нь хуримтлал, хөрөнгө оруулалтын нөөц болж үлддэг. Үүнийг өндөр үр ашигтай эдийн засаг гэж хэлнэ. Гэтэл сүүлийн 10 жил явуулсан хөрөнгө оруулалтыг харахад хуримтлалаа үр ашиггүй юм руу аваачаад хийсэн. Хөрөнгө оруулалтын үр ашиг сүүлийн 10 жилд 2.5 дахин унасан. Хуучин дөрвөн хувийн хуримтлал хийгээд нэг хувийн өсөлт гаргаж авдаг байсан бол одоо 10 хувийн хөрөнгө оруулалт хийгээд нэг хувийн өсөлт гаргаж чадахгүй байна шүү дээ. Заримдаа бүр тэрнээсээ доош унаж байгаа. Энэ нь олигархи бүлэглэлүүдтэй төр оновчтой эдийн засгийн бодлого явуулж чадахгүй байна.

-Та оновчгүй бодлогын уршгийн талаар бодитой жишээ хэлээч?

-Нэгдүгээрт, Монголын банкны систем жилийн 20 хэдэн хувийн хүүтэй зээл өгч байна. Энэ чинь жинхэнэ баялаг бүтээгчдийнхээ цусыг сорж байгаа юм. Эд бол шимэгч хорхойнууд, хачиг хувалзнууд. Хоёрдугаарт, хүмүүс төгрөгийн ханш унаад л байх юм гэж гайхдаг шүү дээ. Өнгөрсөн сонгуулийн үед  1400-гаад төгрөг байсан ханш одоо мянга гаруй төгрөгөөр уналаа. Үүний цаана юу болж байгаа юм. Импортоор авдаг бидний иддэг уудаг зүйл, өмсдөг хувцас, бүх юмны үнэ нэмэгдэж байгаа. Нөгөө талд Монголын баялгийг экспортод гаргадаг уул уурхайн компаниудын төгрөгийн орлого нь шууд 60-70 хувь нэмэгдчихэж байгаа биз дээ. Төгрөгөөр бодохоор ашиг гараад ирнэ. Тэрийгээ эргээд баялгийн хуваарилалтаар гадагш нь ч гаргаж болно. Эсвэл оффисын барилга бариад тансаглаад сууж болно. Төрийн бодлого энэ бүхнийг харах ёстой. Өнөөдөр Монголын эдийн засагт нийтийн хоол,  барилга, уул уурхай гэсэн хамгийн өндөр үр ашигтай гурван салбар бий. Хамаг хөрөнгө оруулалтыг эд сорж байна. Гэтэл барилга гэдэг чинь эргэлт удаантай. Одоо манай зүүн талын барилгыг 10 жил барьж байна. Хөрөнгө хийгээд л байдаг, 10 жил бодит үр өгөөж байхгүй. Баячууд мөнгөний ханш улам их унасны дараагаар улам  ашигтайгаар худалдана гэж бодоод хоосон байшингууд бариад байгаа юм шүү дээ. Ингэж эдийн засаг нь хямарч байна. Төрийн бодлого ингэж олигархиудад үйлчилдэг. Түүнээс бус чи баян хүн халаасанд чинь мөнгө хийгээд явуулчихъя гэдэг болхи бодлого ховор л доо. Гэхдээ 2013-2016 оны хооронд Монголбанк дөрвөн их наяд төгрөгийг банкнаасаа   барилгын компанийн баячуудын халаасанд хийж өгсөн шүү дээ. Үнэхээр дампуурсан бодлого явуулсан. Ардын намынхан үүнийг мэдэхгүй биш мэдэж байгаа. Өөрсдөө хүртчихсэн болохоор яаж ч чадахгүй сууж байгаа. Чингис бондыг үр ашиггүй тараасныг бүгд мэднэ. Гэтэл Чингис бондоос хүртсэн компаниудын хүмүүс УИХ, Засгийн газарт ороод сууж байгаа юм чинь яах юм бэ. Олигархи засаглал  гэдэг бол үргэлж эдийн засгаа ялзрааж, унагаж явна. Монголын эдийн засаг хямралд өртөөд зургаан  сарын дараа тогтворждог юм. Тэгээд жаахан өндийгөөд ирэхээр нь дахиад цохиод унагаачихна. 2007 оноос хойш 10 жил ужиг хямралын орчинд амьдарч байна шүү дээ.