Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэнгүй
2019.05.21

Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэнгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.05.21/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн танилцуулгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хийв.

Тэрбээр илтгэлдээ, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох журам, дэгд өөрчлөлт оруулах, түүнийг хуралдаанаар хэлэлцэх, хуралдаанд асуулт асуух, үг хэлэх, танилцуулга хийх, санал хураах журмыг тодорхой болгох, хуралдааны дэг сахиулах, хуралдааны дэг зөрчигчид хариуцлага хүлээлгэх журам, нэгдсэн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх, Байнгын хороогоор төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах журам, мөн Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох журамд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарч байна.

Улсын Их Хурлын даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс 2018 онд хийсэн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ" судалгаанд суурилан ХБНГУ, ОХУ, БНСУ, Австрали, Франц, Канад, Финланд зэрэг улсын парламентын дэгийг судалсны үндсэн дээр чуулганы хуралдааны өнөөгийн практикт үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг илтгэлдээ онцоллоо.

Хуулийн төсөл нь 7 зүйлтэй агаад Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг Улсын Их Хурлын даргыг сонгож дуустал Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон, хэрэв олон удаа сонгогдсон хэд хэдэн гишүүн байвал тэдгээрийн насаар хамгийн ахмад гишүүн удирдаж байх; шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн тангараг өргөөгүй тохиолдолд түүнийг Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсанд тооцох; Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулж байгааг өөрчилж, хуралдааны дэгээр зохицуулах; шинээр бүрдсэн Улсын Их Хурал хуралдааны дэгээ шинэчлэн тогтоох, эсэх асуудлыг анхны ээлжит чуулганаараа хэлэлцэн шийдвэрлэж байх зохицуулалтыг тусгажээ.

Мөн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлах эрхтэй байх, тухайн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр хэлэлцэж байх; Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл болон бусад баримт бичгийг нэгдсэн хуралдаанд мэдээлж байх; гишүүн нэгдсэн хуралдаанаар төсөл хэлэлцэх үед асуулт асуухаа урьдчилан мэдэгдэж дараалалд орсон байхаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг зөвхөн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх; Байнгын хороо хууль тогтоомжийн төслийг зүйл, хэсгийн заалт бүрээр нь хэлэлцэж байх; Байнгын хороо төслийг хэлэлцэх явцад тухайн төсөл, түүний зүйл, заалтаар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн тохиолдолд Улсын Их Хурлын Тамгын газар дүгнэлт гаргаж байх зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан хууль хоорондын давхардлыг арилгах, уялдуулах үүднээс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамтад нь боловсруулжээ. Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн зохицуулалт илүүтэй нарийвчлагдан зохицуулагдаж, үр нөлөөтэй болно гэж үзэж буйгаа төсөл санаачлагч онцоллоо.

Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах нөхцөлийг үе үеийн Улсын Их Хурал бүрдүүлэхээр ажиллаж ирсэн. Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны 10 дугаар сарын 11- ний өдөр баталсан бөгөөд нийт 21 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Д.Лүндээжанцан нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Төсөл санаачлагч гишүүн Х.Нямбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ төслөөр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дэгийн хуулийн 49 орчим хувьд нэмэлт, өөрчлөлт орохоор байгаа. Гадны экспертүүдийн өгсөн зөвлөмж, парламентат ёс өндөр хөгжсөн бусад орны сайн туршлагад суурилан хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөлд танилцуулан гишүүдээс гаргасан саналыг бүхэлд нь тусгасан. Мөн парламент, түүний гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилтын үүднээс Улсын Их Хурал өөрийн бүтцэд Дотоод асуудлын болон Хүний эрх, иргэний боловсролын Байнгын хороотой байх зохицуулалтыг тусгаж өгсөн гэдгийг хэллээ.

Мөн хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Н.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.