Н.Цэрэнбат 2019.05.22 | News.mn

Н.Цэрэнбат: Ганданг яндангүй бүс болгож, шашны аялал жуулчлалаар хөгжүүлнэ

Н.Цэрэнбат: Ганданг яндангүй бүс болгож, шашны аялал жуулчлалаар хөгжүүлнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.05.21/ хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Үндсэн чиглэлд 20 зорилт, 118 арга хэмжээний хүрээнд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийн санхүүжүүлт хийхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөж тусгаад байгаа юм. Уг зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна гэж тооцож буй.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Гандангийн дэнжийн өмхий самхаагаас хэзээ салах вэ? Уг нь 10 сая ам.доллараар шийдэхээр болсон санагдаж байна. Энэ ажил хэзээ хэрэгжих вэ?” хэмээн лавлахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс 102 дугаар байрт явж байгаа. Агаарын тээврийн дэд бүтцээр 95 дугаар байр, хилийн дэд бүтцээр 123 дугаар байр, аялал жуулчлалын салбарт хандуулж байгаа ач холбогдлоороо 102 дугаар байр, аялал жуулчлалын салбарын дэд бүтцээр 112 дугаар байрт байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр хийх ажил их бий. Ганданг хөгжүүлэх ерөнхий төлөвлгөө Сангийн яаманд ирээгүй. Тодорхой төлөвлөгөөтэй хөгжүүлээд явахад бид бэлэн байна” гэж хариуллаа.

Мөн БОАЖ-ын Н.Цэрэнбат сайд

“Улаанбаатар хотыг соёлын аялал жуулчлалын бүс болгох төлөвлөгөө байгаа. Ганданг яндангүй бүс болгож, шашны аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхээр тооцоо судалгаа хийж байгаа” хэмээн хариулсан юм.