С.Бямбацогт 2019.05.23 | Vip76.mn

С.Бямбацогт: Өмнөхөө дүгнэж байж, ирэх оноо төлөвлөх хэрэгтэй байна

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23)  нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

"Эдийн засгийн байнгын хороогоор энэ баримт бичиг их хурдан хэлэлцэгдээд УИХ-ын чуулганруу орж ирж байна. Уг нь маш нухацтай авч үзэх ёстой гэж бодож байна.

2020 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг ард түмнээрээ дүгнүүлнэ. Тиймээс 2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэл МАН-ын мөрийн хөтөлбөрийн төгсгөлийг базаж, боолт хийх ёстой баримт бичиг л дээ. Гэтэл дутуу яаралтай хэлэлцэгдэж байгаад харамсаж байна. 

  • Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн. 21 аймагт 100 үйлдвэр байгуулна гэж тусгасан нь хэрхэн хэрэгжсэн бэ? Хэрэгжээгүй бол 2020 онд биелүүлэх ямар зорилт тавив.
  • Мах сүүний анхдугаар аян эхлүүлнэ гэсэн. Энэ хүрээнд ямар ажил хийгдсэн бэ? Махны үнэ ямар байгааг та бүхэн харж байна.
  • Хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт бизнесийг өргөжүүлэхэд бүсийн хөнгөлөлтийг бодлого хэрэгжүүлнэ гэсэн. Энэ яасан бэ?
  • 1072 хувьцааг амилуулж, үнэ цэнтэй болгоно гэсэн нь хэзээ хэрэгжих вэ? 
  • 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг орон сууцтай болгоно, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно гэсэн зорилт дэвшүүлсэн. Хэрхэн биелэж байна вэ?
  • Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр зам барьж ашиглалтанд оруулна. Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замыг барьж дуусгана гэсэн. Энэ зорилтууд хэзээ биелэх вэ?

Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих хамгийн сүүлийн жил ээ. Тиймээс өмнөхөө дүгнээд, дараагийнхаа ажлаа төлөвлөх ёстой байтал бид биелэлтээ яриагүй байж ирээдүйгээ төлөвлөөд байна."