2019.05.23

О.Баасанхүү: Хандивын сангуудад аудит хийх хэрэгтэй

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

Төсөлд ирэх гурван жилд гадаад худалдааны тэнцэл дунджаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай, инфляцийн түвшин тогтвортой 8 хувьд байхаар тооцжээ. Түүнчлэн 2020 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий -5.1 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнд байхаар тооцжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Махны үнэ өсөөд, долларын ханш савлагаатай, инфляци нэмэгдээд гэх мэт хүнд мэдээлэл их явж байна. Ард түмэн ядуу, авлигачид толгой дээр нь гараад ЖДҮ жаахан юм хийе гэхээр авлигачид нь хуваагаад идчихдэг.

1. Бид ирэх хэдэн онд хичнээн төгрөгийн өр төлөх вэ?

2. Боловсрол, Эрүүл мэндийн салбарт жил бүр хангалттай төсөв тавьдаг. Олон улсын байгууллага, Глобал сан гэх мэт газрууд санхүүжилт өгч байна. Гэтэл сүрьеэтэйгээ тэмцъе гэхээр дахиад мөнгө нэхээд байх юм. Хамгийн их төсөв авдаг салбар. Юу ч хийдэггүй. Одоо аудит хийх цаг болсон. Энэ хандивын сангуудад шалгалт хийгээрэй.

3. 1996 оноос хойш хүүхдийн эмч бэлдэхгүй байна. Анги байдаггүй. 2020 онд шинэ анги нэмэх боломж байна уу? Хүүхдийн эмч бэлдээгүйгээс болж хүүхэд өвдвөл ЭХЭМҮТ рүү л явдаг. Хүүхэд том хүний бие физологи өөр юм.

4. Юмны үнэ буурах уу? Зохиомол үнэ хөөрөгдөл үү% зах зээлийн жамаараа үнэ өсөөд байна уу? үүн дээр дүн шинжилгээ хийсэн үү?"